Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон.
Энэ дагуу Засгийн газрын 85 дугаар тогтоол гарч Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоор ахлуулсан Ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг томилж, ой зохион байгуулах хөрөнгийг 456 сая төгрөгөөр батлан Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгаад байна. Тэгвэл Батлан хамгалахын сайдын тушаалаар Ой зохион байгуулах салбар комисс өнгөрсөн баасан гаригт хуралдав. Энэ хурлаар 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх ажил хийхээр тогтсоноо ярилцжээ.
Мөн Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг төлөвлөж зардлын тооцоо, ажил үүргийн хуваарь, хөрөлбөрийг боловсруулснаа ярилцсан байна.