12:28 PM ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ТҮҮХЭН ЯЛАЛТ | |
1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы милитаристууд манай орны зүүн хилээр биднээс явган ба морин цэргээр 2.5-3.5 дахин, танк эсэргүүцэх хэрэгслээр 2 дахин, их буу, пулемётоор 3 дахин илүү хүчтэйгээр гэнэт довтлон, дайны ажиллагаа эхэлсэн юм. Японы энэхүү довтолгоог манай гол хүчийг ирэх хүртэл хурандаа П.Чогдонгийн командалсан хилийн застав, гол хүчнээс түрүүлж манай шилмэл сумангийн хамтаар дайсны давуу хүчтэй зориг баатарлагаар тулалдаж, олон хоногийн турш тогтоон барьж чадсан юм. Манай Зэвсэгт хүчний гол хүч, ЗХУ-аас монголд туслах Улаан армийн гол хүчнүүд ирж Японы эсрэг Монгол, Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн эрэлхэг баатарлагаар тулалдсан билээ. Монгол, Зөвлөлтийн байлдааны ажиллагааг Монголын талаас Х.Чойбалсан, ЗХУ-ын талаас корпус командлагч Г.К.Жуков нар командлан удирдаж, жанжин Ж.Лхагвасүрэн, генерал Б.Цог, Зөвлөлтийн цэргийн генерал Борнов, Ленов зэрэг цэргийн нэрт жанжнуудын гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй их юм. Халхын голын дайнд Монголын талаас морьт дивиз 5, моторжуулсан хуягт болон нисэх бригад тус бүр 1, их буу, хуягтын хэд хэдэн дивизион, хангалт үйлчилгээний тусгай анги, салбарууд, ЗХУ-ын талаас мотобуудлагын дивиз 3, моторжуулсан хуягт бригад тус бүр 3, танкийн бригад 2, их бууны хороо 4, нисэх хороо 6, тусгай анги, салбарууд оролцож, манай орны хил хязгаар, улс орны тусгаар тогтнолыг хамгаалахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ дайны хүчний харьцааны хувьд дайсны талаас манайх зарим талаар давуу байсан гэдэг. Фронтын материал, техникийн шаардагдах нөөцөөр хангах ачааны 3500 машин, 1400 гаруй цестерн машин өдөр, шөнө зогсоо зайгүй ажиллаж байлаа. 1939 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Халхын голын дайны шийдвэрлэх үе болох Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт 75 км-ийн өргөн фронтоор нэгэн зэрэг эхэлсэн юм. Зөвлөлт, Монголын цэргийн хамтарсан хүч шуурхайлан давшсаар 8 дугаар сарын 24-ний өдөр Номун-хаан, Бүрдэн овоо орчмоор хүрч тулалдан, Японы ялагдашгүй гэгдэж байсан Квантуны 6 дугаар армийг хилийн дотор амжилттай бүсэлж, 8 дугаар сарын 31-нд Зөвлөлт, Монголын цэргийн байлдааны ажиллагаа дуусч, Монгол орны газар нутаг дайсны үлдэгдлээс бүрмөсөн чөлөөлөгдсөн юм. Японы милитаристуудаас эхлүүлж 4 сарын турш үргэлжилсэн байлдааны ажиллагаа ийнхүү өөрсдийнх нь ялагдлаар төгссөн гунигт түүхтэй билээ. Энэ дайнд Япончууд 68 мянган цэргээ алдаж, 600 орчим нисдэг тэрэг, бусад их хэмжээний зэр зэвсэг, техник хэрэгслийн хохирол амссан юм. Нийтийн дайсны эсрэг хатуу ширүүн тулалдаанд даалгасан үүргээ нэр төртэй биелүүлсэн жанжин Г.К.Жуков, Кравченко, Яковлев, Монголын талаас Л.Дандар, Ц.Олзвой, Н.Жамбаа, П.Чогдон, Л.Гэлэгбаатар, Ч.Дугаржав нарын орос, монголын зоригт баатар эрс онцгой гавьяа байгуулсныг тэмдэглэн дурсах нь миний үүрэг билээ. Дашрамд хэлэхэд 1939 оны Халхын голын байлдаанд түүхэн гавьяа байгуулсан ЗХУ-ын нэр нь тодроогүй нисгэгчдийн дурсгалын хөшөөг Халхын голын ялалтын 25 жилийн ойгоор 1964 онд миний бие өөрийн хариуцсан дайчдын хүч оролцоотойгоор Дорнод аймгийн Чойбалсан хотын “Бунхан толгой” хэмээх газарт мөнхийн гэрэлт хөшөө байгуулсныг эргэн санахад таатай дурсамж төрдөг юм. Энэ хөшөө онгоцны тал сэнсний хэлбэртэй, өндөр нь 25 метр, боржин чулуугаар өнгөлсөн гэрэлт хөшөө. Үүнийг босгоход Монголын барилгын мэргэжилтэн, Зөвлөлтийн талын уран барималчид мэргэжлийн гүн туслалцаа үзүүлснийг эргэн санаж бахархан дурсах ёстой.
Уг хөшөө нь зөвхөн Зөвлөлтийн нисгэгчдийн гавьяаг мөнхөлсөн төдийгүй хоёр орны армиудын өнө удаан жилийн түүхэн бэлгэ тэмдэг болсон гэдгийг та бүхэн баттай ойлгоно гэдэгт итгэнэм. | |
|
Total comments: 1 | ||
| ||