Main » 2013 » 06 сар » 4 » Зарлаагүй дайны оршил буюу Халх голын байлдаан
4:24 PM
Зарлаагүй дайны оршил буюу Халх голын байлдаан

Халх голын байлдаан болсон газар Монгол орны хамгийн дорно зүгт оршдог Дорнод аймаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тус аймаг ОХУ, БНХАУ хоёр улстай хил залгана. Тэгш тал газар зонхилно. Хуучнаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу 1689 онд байгуулагджээ. Хошууны анхны ноён нь Сэцэн хан Өмхий авга болох Илдэн тайж хэмээх Пунцаг 1688 оны Халх-Ойрадын дайны үед харъяат ардаа аван  Манжид дагаар орсон байна. 1758 оны 12-р сарын 27-ны өдрийн Хэрлэн Барс хотын чуулганы дэд тэргүүний бичигт Илдэн засгийн хошууны нутгийг өмнө зах Хулстай, хойт зах Буйр, баруун зах Цагаан уул зүүн  зах Гүн нуур хэмээн ерөнхийд нь тодорхойлсон байдаг байна. Илдэн засгийн хошуу нь Монгол улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр хамаардаг байсан талаар Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхч Ж. Гэрэлбадрах тэмдэглэсэн. Халх, Барга хүмүүс тус нутагт амьдарч тэдний хоорондох газар нутгийн маргаан Илдэн засгийн хошууны хувьд хоёр хэсэг газар голлон гарч байжээ. Монголд шинэ засаг тогтсоноор нутагт байх Хөх нуурын хотгорт 1924 онд Халхгол хошууны Их хурал хуралдаж 6 сумтайгаар Тамгын газрыг байгуулж, хошуудыг хаан ноёдын нэрээр нэрлэж байсныг өөрчилж, Хан Хэнтий уулын аймгийн "Халхголын хошуу” хэмээн нэрлэсэн түүхтэй.

 

Халхын голын байлдаан нь зарлагдаагүй ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Энэ байлдаан Японд "ノモンハン事件" буюу Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Номонхан гэж Монгол - Манж-гогийн хилийн орчимдох уул ажээ.

Япончууд 1931 онд Хятадтай дайн хийж, Манжуурыг эзэлж, тэнд Манж-го-гийн тоглоомын улс байгуулж аль эрт  1889 эхтэй Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо хэрэгжүүлэх түшиц газраа болгожээ. Манжуурын нутагт эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байв. Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болжээ. 1896 оны Хятад-Оросын нууц гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуур, Оросын алс дорнодыг холбосон Хятадын алс дорнодын төмөр зам 1901 онд ашиглалтад орсон байна. Энэ чиглэл нь Транс-Сибирийн төмөр замыг Читээс Харбин хүртэл Манжуураар дайрч Оросын далайн боомт Владивосток хот руу орон зай цаг хугацааны хувьд хэмнэлттэй хүргэдэг ач холбогдол өндөртэй ашигтай зам юм. Оросууд Лядоны хойгийг орос японы 1904-1905 оны дайнд алдаснаар өмнөд манжуурын төмөр зам япончуудын хяналтанд орсон байна. 1905 оны Хятад-Японы гэрээ ёсоор худалдааны төв болжээ. 

Бүх Цэргийн жанжины орлогч Ж.Лхагвасүрэн, МАХЦ-ийн 6-р морьт дивизийн дарга Л.Дандар, мөн дивизийн комиссар Д.Пэлжээ, мөн дивизийн штабын дарга М.Цэдэндаш, Халхгол орчим, 1939 он

Маршал Х.Чойбалсан МАХЦ-ийн 6-р морьт дивизийн офицер, дайчидтай, Халхголын орчим, 1939 он

МАХЦ, Армийн 1-р бүлгийн ажиллагаа уялдуулах фронтын бүлгийн удирдагч Г.М.Штерн, М.С.Никишев, Б.А.Смирнов, Г.К.Жуков, Халхгол орчим, 1939 он

Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 6-р морьт дивизийн 17-р морьт хорооны штабын дарга, мөн хорооны дарга П.Шагдарсүрэн, сургагч К.А.Солодовников, Халхгол орчим, 1939 он

17-р морьт хорооны штабын дарга, хорооны дарга П.Шагдарсүрэн

Нутгийн хүмүүсийн тусламжтай олсон нисгэгчийн шарил, 2009 он. Эх сурвалж http://www.facebook.com/ravdan.bayar.5 

Нисгэгчийн шарилыг тэр жилдээ түр нутаглуулж, 100 грамм татацгаав, сууж байгаа судлаач Ю.Свойскийн нисгэгч өвөө 1939 онд сураггүй алга болсон, тэр нь ч юм билүү гэж бид өөрийн эрхгүй бодоцгоож байлаа... Эх сурвалж http://www.facebook.com/ravdan.bayar.5

Ремизовын өндөрлөгийн зүүн хойд талд /Одоо ч хүний ёсоор оршуулаагүй хэдэн арван цэргийн шарил дайн болсон газар нутгийн хөрсөн доор булаатай бий/

Сөнөсөн онгоцны үлдэгдэл

 

Ялалтын хөшөө

Халхголын ялалтын 70 жилийн ойн цуглаан, "Ялалт" хөшөөний дэргэд, 2009 он. Халхголын дайнд 17-р морьт хорооны штабын дарга, хорооны дарга П.Шагдарсүрэн үг хэлэв

Фронтын сэтгүүлчид 1939 он

Яковлевын 11-р танкийн бригадад байлдаж, амь үрэгдсэн бага дарга В.В.Юдины охин Н.В.Юдина аавынхаа нэр сийлсэн самбарыг тогтоов. 2009 он

Сөнөсөн япон онгоцны хөдөлгүүр

Давшилт

1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр Японы аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараа 1929 оны дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нөлөөлж геополитикийн хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" гэгч сайхан нэртэй улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсруулан 1937 онд Манжуурт цөмрөн оржээ. Хэрэгжүүлэх төлөвлөгөө нь Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв. Энэ нь дээд цэргийнхний хувьд 2 хуваагдах шалтгаан байсан гэж үздэг ч эцсийн дүндээ аль нэгийг нь сонгох байсан нь баримттай байдаг. Энэ нь ЗХУ-д Нацист Герман халдан довтолсон цагаас дахин Зөвлөлт, Монголын хил дээр цэргийн хүчээ хуримтлуулж "Кантокуэн” хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэн, төлөвлөж Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан талаар Япон улсын өөрийн ба НКВД-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив, МУ-ын ТЕГ-ын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэргээс олонд ил болжээ. Япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Го нэртэй улс байгуулсанаар Монгол улсын хилтэй цаад утгаараа нийлэх болсон байна. 1934 оны үеэс ахин эхэлсэн Монгол, Баргын газар нутгийн маргалдааныг Япончууд ашиглаж  Манж-Го, Монголын хоорондох хилийг Япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан боловч Монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан хэмээн Монгол, Манж-гогийн хилийн орчим байх уулын нэрээр нэрлэсэн тосгон хүртлэх газрыг  Монгол улсын нутаг гэж үзэж байсан. Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хайлааст манхан, Халхын сүм зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгалаг хийж байлаа. Манж-Гогийн арми нь 1939 он гэхэд үндсэндээ Японы Квантуны Армийн командлагч генерал Комацүбара Мичитарод захирагдаж байжээ. Квантуны арми Японоор "Зүүнийг хамаарах арми” гэсэн утгатай үг юм. 

Дайны үед Японы нийт зэвсэгт хүчин 7 сая албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд зөвхөн хуурай замын цэрэгт 5 сая нь хүн алба хааж үүнээс 1,5 сая цэргийн албан хаагч нь Өвөр Монгол, Манжуур, Зүүн хойд Хятад, Солонгост байрлаж байжээ. Япон улсын газар нутаг дайнд Хятад руу улам тэлсээр Манж-Го болон  Солонгосыг эзлэн авсны дараагаар ЗХУ-ын газар нутаг руу санаархах болсон байна. Энэ санаархалаас үүдэлтэй анхны хилийн байлдаан ЗХУ-Хятад-Солонгос улсын хилийн ойр орших Владвосток хотоос баруун ургаш 130 км зайд байх Хасан нуурын орчимд 1938 онд Приморьед болжээ. Хасан нуурын байлдааны ажиллагааны өмнө, хойно ч гэсэн  Манжийн хил дээр Япон болон ЗХУ-ын хооронд жижиг тулаанууд болж байжээ. Приморьд явуулсан байлдаан зөвлөлтийн алс дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болсон байна. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдсанаар Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно. Мөн ЗХУ, Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч тооцсон байна. Өмнө нь Монголын Засгийн газрын хүсэлтээр БНМАУ-д ямар нэг гурав дахь этгээд халдвал ЗСБНХУ-н зүгээс харилцан туслах тухай аман хэлэлцээрийг 1934 оны долдугаар сарын 27-нд хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулжээ. 

1939.06.22-ны агаарын тулалдаанд амь үрэгдсэн Улаан Армийн нисэх хүчний сөнөөгч онгоцны 70-р хорооны 3-р эскадрилийн даргын орлогч, ахмад Виталий Иванович Юрецкийн шарил. Олон жилийн дараа олж зохих ёсоор нь оршуулжээ.

1936-1938 оны хооронд Манжуурын нутгаас Монголын хил рүү нийт 231 удаагийн халдлага хийсэн байна. Халдалгын үеэр Монгол хилчид буудах чадвараар Япончуудаас хавьгүй илүү байгаа нь тэдний гайхшлийг төрүүлж байжээ. Тиймээс япончууд  монгол цэргийн бай онилох чадварыг тусгайлан судалсан байна. Судалгаагаар Монгол хүний харааны бүхэл япон хүнийхээс 2-5 бүхлээр илүү байсан бөгөөд энэ нь өргөн, уудам орон зайд амьдардаг хэв маяг нь нөлөөлж байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. 1939 оны 5 сарын 11-нд япон, барга нийлсэн 300 хүнтэй морин цэргийн отряд Халх голоос зүүн тийш 20-25 километр зайтай орших Номон хан, Бүрд овоон дахь Монголын хилийн заставыг дайрчээ. Улмаар 5 сарын 14-нд Квантуны армийн ангиуд Халх голын зүүн эргийн Дунгур овоог нисэх хүчний дэмжлэгтэйгээр эзлэв. Монголын хил рүү өдөөн хатгалага хийх нь ихсэж байснаас 1936 онд "Харилцан Туслалцах Хэлэлцээр"-т хоёр улс гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсоноор ЗХУ цэргийн хүчээ 1937 оны хавраас БНМАУ-ын зүүн өмнөд хилийн дагуу хоёр мянган километр газарт байрлуулсан байна. Тиймээс дээрх дайралтыг Тавдугаар сарын 22-нд Зөвлөлтийн цэргийн бүлэг таслан зогсоож улсын хилээ хамгаалахад нь Монголын хилчдэд туслан япончуудыг хил хүртэл хөөж чадсан юм.

Дайны талбар дээр 1939он

 Тэр үед ашиглаж байсан зарим галт хэрэгсэл одоо ч олноороо олдог ...

Тавдугаар сарын 22-28-нд нэг талаас Зөвлөлт, Монголын цэрэг, нөгөө талаас Квантуны армийн явган дивиз удахгүй болох байлдаанд зориулан хүчээ зузаатгаж эхлэв. Тухайн үед Монголын нийт хүн ам 800 мянга хүрэхгүй байсан бөгөөд 1936-1939 оны их хэлмэгдүүлэлтийн давалгаанд насанд хүрсэн эрчүүд ихэнх хувийг эзлэн 20 гаруй мянган хүн цаазаар авхуулсан байсан нь нөлөөлж БНМАУ-ын цэргийн бүрэлдэхүүн нийт хилийн ба дотоодын цэргийг оруулаад 18 000 хүнтэй байжээ. Техник, зэвсэглэл нь 10 хөнгөн танк, 30-40 их буу, 40 гаруй нисэх онгоц, 50-60 хуягт машинаар хязгаарлагдаж байв. Япончууд халдсантай холбогдуулан цэргийн хүчээ 4800 хүнтэй 3 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлж маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан байна. Зөвлөлтийн талаас Белорусийн онцгой цэргийн тойргийн командлагчийн орлогч, дивизийн захирагч  Г.К.Жуков байлдааныг гарамгай сайн удирдаж ялалтанд хүргэсэн. Тэрээр дөрвөн сар үргэлжилсэн Халх голын байлдааныг "Зарлаагүй дайн” хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү ялалт нь Г.К.Жуковыг Дэлхийн 2-р дайнд баруун фронтын командлагчаар томилогдон цэргийн авъяас билиг нь тодорч цэргийн гарамгай жанжин болох эхлэл нь байсан билээ. Командлалын байр, ажил хэргийнхээ хүрээнд Г.К.Жуков Халх голын тэмдэг, баатрын тэмдэг хоёроо ихэвчлэн зүүдэг байсан гэдэг. Японы 75 мянган хүнтэй армийн эсрэг Зөвлөлтийн талаас дахин хүч нэмэгдүүлсэнээр явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү гарч 130 гаруй мянган цэрэг эрс байлдсан юм. Халх голын байлдааныг Японы түүхч, улс төр судлаачид "Номонханы үйл явдал” "Номонханы хилийн будлиан” хэмээн нэрлэж бүдгэрүүлэхийг оролддог. Харин энэ нь будлиан, маргаан бус тусгаар тогтносон гурван улсын хуурай замын байнгын бүх төрлийн цэрэг, нисэх хүчин оролцсон байдлаараа партизан болон сайн дурынхан, ганц нэг отряд оролцсон тулаанаас ялгаатай байлдаан юм. 

Зөвлөлтын танкчидад зориулсан хөшөө..

Халх голд Япончууд ялагдал хүлээснээр Японы хуурай замын хүчин дахин сэргэлгүй, Оросуудтай тулалдах ямар ч боломжгүй юм гэсэн ганц дүгнэлт хийжээ. Энэхүү асуудлыг Японы арми, тэнгисийн цэргийн удирдлага эзэн хааны оролцоотойгоор энэ хэлэлцэж цэргийн цуврал хуралдааныг хийсэн байдаг. Тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжсэн армийн офицерүүдийн нэг Хурандаа Цүжи гэгч хурц илтгэгч байсан бөгөөд "Халх гол”-н тулааны үеэр тэнд биеэр очиж үзсэн хүн бөгөөд тэнгисийн цэргийн ажиллагааг  өргөтгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. 1941 оны 4 дүгээр сард ЗХУ, Япон улстай харилцан үл довтлох тухай гэрээ байгуулж БНМАУ болон Хятадын зүүн хойд хэсэгт Японы байгуулсан тоглоомын Манж-го улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдлын тухай тунхаглалд гарын үсэг зурсантай холбогдон Зөвлөлт-Хятадын харилцаа эрс муудсан байна. Тэнгисийн цэргийн ажиллагаа дэмжигдэн Пёрл-Харбор руу чиглэх болов. Пёрл-Харборын довтолгоон 1941 оны долдугаар сард АНУ ба Британи Японд нефтийн хориг тавьсан нь хувьд хүндхэн нөхцөл үүсгэж АНУ-ын Номхон далайн флот япончуудын замыг хааж байсан нь нөлөөлсөн байдаг. Пёрл-Харборт руу Япончууд довтлосоноор АНУ-ын баримталж буй "Европын хэрэгт үл оролцох” бодлогоосоо татгалзан холбоотны талд дайнд татагдан орох нөхцлийг бүрдүүлжээ. Японы талаас Зөвлөлтийн Алс Дорнотод дангаараа довтлохгүй гэдэг нь тодорхой болж ЗХУ Алс дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчнийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжийг олгосон гэж цэргийн судлаачид үзэн "Халх гол”-н байлдааныг түүхийн эгзэгтэй чухал үйл явдлын тоонд оруулж байгаа. Дэлхийн 2-р дайнд Монголчууд бид фронтын ар тал болж байсан бол өмнө нь Монгол-Зөвлөлтийн цэрэг, дайчид хамтын хүчээр эх нутгаа хамгаалан үлдэн хөөж азийн олон улсыг эзлэн түрэмгийлж байсан хүчний эсрэг баатарлагаар тулалдан ялалт байгуулсан билээ. 

Халхын гол. Үүний цаана Монгол улсын дархан хил. Түүнээс цааш Манжуурын нутаг буй...

Тулаан болж байсан газар.

Монголын удирдагч нарын логик

Манжго,БНМАУ-ын талууд аль аль нь үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандах болсноор дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуур өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн төвшинд идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ Монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ. Иймээс Монголын удирдагчид Манжгогийн талтай хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн "Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм. 

Яг энэ газар Л.Дандарт Монгол улсын баатар цолыг олгож байжээ

Халх голын байлдаанд зориулсан хөшөө дурсгалаас.

ЗХУ-ын танкчидад зориулсан цогцолбор хөшөө дурсгал байсан ч одоо ихэнх нь зах зээлийн шуурганд өртөж урагшаа төмрийн хаягдал болон зарагджээ...

 


Жанжин штаб энэ газар байрлаж байв.

Жанжин штабын эргэн тойронд байсан нуувч шуудуу...
 

Сталины авсан арга хэмжээ

Монголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын заль мэх нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын замаар орно. Иймээс Сталин эрс арга хэмжээ авчээ. Тэрээр Манжуурын хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эгүүлэн татаад, Улаанбаатарт авчирч буудан хороов.Үүнтэй нэгэн зэрэг Манж-гогийнын төлөөлөгчдийг Япончууд баривчлан авч Мүгдэнд цаазлан хороосон ажээ. Ерөнхий сайд Гэндэнг огцруулж Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй боллоо.

Үйл явдлын угтвар нөхцөл

Япон улсын газар нутаг дайнд Хятад руу улам тэлсээр, Манж-Го ба Солонгосыг эзлэн авсны дараа шинэ зорилтоо ЗХУ-ын газар нутагт хандуулжээ. ЗХУ-Японы анхны хилийн байлдаан 1938 онд Приморьед болсон Хасан нуурын тулалдаан байсан.  Японы армийн түрэмгий ажиллагаа ЗХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчлөө. 1938 оны 8-р сарын 1-нд Сталин япончуудыг эзэлсэн нутгаас нь ховх цохин гаргахыг Алс дорнодын фронтын командлагч маршал Василий Блюхерт биечлэн тушаав. Байлдаан болох газар хоёр хоногийн дотор 15 мянган хүн, 1014 пулемет, 237 их буу, 285 танк бөөгнөрүүлж чаджээ. Буучийн 39-р корпусын бүрэлдүүнд 32 мянган хүн, 609 их буу, 345 танк байв. Газрын байлдааныг дэмжихээр 250 нисэх онгоц гаргажээ.Зөвлөлтийн цэргийн тийм их хүчтэй бүлэг төвлөрсөн тухай мэдээ авсан Японы засгийн газар ноцтой түгшив. Байлдааныг хоёр тал зогсоож, мөргөлдөөнийг даруй зохицуулах Токиогийн саналыг 8-р сарын 4-нд элчин сайд Сигэмицу Гадаад хэргийн ардын комиссар Литвиновт өгчээ.Гэсэн ч Токиогийнхон япон цэрэг хятадын Ухань хотыг эзэлбэл ЗХУ япон цэргийн ар талд цохилт өгөх эсэхийг том биш ажиллагаа явуулж туршихаар шийджээ.Энэ нь хожмоо Монголын морьт 22-р хорооны хэрэг явдал дээр давтагдсан байна. Жанжин штабын оперативын удирдламжийн санаанд «Байлдах, тэгэхдээ байлдааны ажиллагааны хэмжээг шаардлагын хэмжээнээс давуулахгүй байх. Нисэх хучин хэрэглэхгүй байх. Байлдааны ажиллагаа явуулахад Солонгосын армиас нэг дивиз гаргахаар» заажээ. Гэхдээ Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн, ухрахыг зөвшөөрөв. Япончууд эзэлж авсан өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хэлэлцээ хийж эхлэхийг хичээж байсан нь тодорхой байв. Буучийн 39-р корпусын захирагч Штерн Москвагийн удирдамжийг биелүүлэн, 8-р сарын 6-нд ерөнхий давшилтад орж, хойноос нь болон өмнөөс нь нэгэн зэрэг цохиж, дайсны цэргийг Түмэн уул гол, Хасан нуурын хоорондох зурваст шахан устгахыг тушаажээ. Ширүүн байлдаан 8-р сарын 9 хүртэл үргэлжлэв. Дөрвөн өдрийн дотор японы цэргийг эзэлж байсан нутгаас нь ховх цохин гаргав. 8-р сарын 11-нд байлдаан зогсов. Тэр үед Японы эзэлсэн хилийн бүх өндөрлөгийг чөлөөлж, зөвлөлтийн цэрэг эзэлжээ. Хасан нуурын хавьд болсон тулалдаанд Улаан арми иргэний дайнаас хойш анх удаа хүчтэй том улсын жинхэнэ армитай тулалдсан юм. Энэ хэрэг явдал алагдсан, шархадсан цэргийн тоогоор орон нутгийн дайны байдалтай байв. 1938 онд Японы Эзэн Хааны Армийн Жанжин Штабт Квантуны удирдлага ЗХУ-ын эсрэг "Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан батлуулсан байжээ. Энэ үед Япон Манжуурт Японы эзэн хааны хуурай замын цэргийн 1,3 сая албан хаагч Монгол улс, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт яг хажууд ирж байрласан байсан юм. Японы "Хатиго” төлөвлөгөөний "Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилго байв. Энэ бол Европын фашист Герман, Итали удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, фашистуудын дорно зүгийн холбоотон байсан Японы армийн зүүн талд дэгдээх дайны бэлтгэл үе нь байлаа.

Агаарын тулалдаан

1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд давамгайлж байжээ. 8-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ. Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна. Тэдний онгоцууд багахан өндрөөс хориглолтын шугам, байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын их гарз хохирол учруулж байсан учир зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна. 1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм. Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй И-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрхи фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна.Мөн 9 сарын 2,4,14,15-нд Японы тал агаараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн нисэх хүчин ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ.Халхын голын дайны үеэр японы нийт 660 нисэх онгоцыг агаарт болон аеродромд нь устгасан ажээ.Энэ үед цэрэг-дайны түүхэнд анх удаа 2 талаас нэгэн зэрэг олон онгоц оролцсон тулалдаан болсоноороо онцлогтой юм.

Японы Ki_27 онгоц.

Бөмбөгдөлт

Чойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм.Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөмбөгдөлтөд өртөсөн Монголын цорын ганц хот юм. Одоогийн Чойбалсан хот Манжийн захиргааны үеэс Халхын Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошууны төв Санбэйсийн хүрээ нэртэй байснаа Богд хаант Монгол улсын үеэс 1922 оныг хүртэл Ачит бэйс Тогтохын хошууны төв болж дорнод Монголын шашин,худалдаа,аж ахуйн томоохон төвүүдийн нэг байжээ. Монголын ардын хувьсгалын дараа 1922 оноос Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны төв Баянтүмэн хот, 1931 оноос Дорнод аймгийн төв Баянтүмэн хот, 1941 оноос Чойбалсан хот гэж нэрлэсэн байна. 1930, 1940-өөд онд тэр үеийн нэрээр Баянтүмэн хот бараг цэргийн хот байж манай эх орны үндэсний тусгаар тогтнол,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал түшиц газар болж байсан билээ. Баянтүмэн хотод Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хоёрдугаар морьт корпусын командлал, 5-р морин дивиз, түүний ангиуд, ЗХУ-ын Улаан цэргийн 17-р армийн штаб, түүний харьяа зарим ангиуд,нисэх онгоцны төв буудал, цэргийн төв эмнэлэг, зэвсэг, техникийн агуулахууд зэрэг цэргийн чухал объект байрлаж байсны дээр 19З9 оноос Соловъёвск-Баянтүмэний өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн нарийн төмөр замын төв зангилаа зэрэг онцгой объект байсан учир япончуудын сонирхлыг ихэд татдаг газар байжээ.Иймээс 1930-аад оны эхний жилүүдээс эхлэн япончууд энэ чиглэлд тагнуул туршуулаа олон тоогоор идэвхтэй явуулж байжээ. 

1939 оны Халхын голын байлдааны үед Монгол-Зөвлөлтийн фронт руу очиж байгаа цэргийн хүч,байлдааны зэвсэг техник Баянтүмэн хотоор дамжин өнгөрч байсан билээ. Энэ бүхэн болон бусад хүчин зүйлээс шалтаг болгон Квантуны армийн удирдлага,дээд байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй Баянтүмэн, Тамсагбулаг орчим байгаа Монгол-Зөвлөлтийн цэргийн нисэх буудлуудыг бөмбөгдөж тэнд байгаа байлдааны онгоцуудыг устгахаар шийдвэрлэжээ. Энэ тухай 19З9 оны зургадугаар сарын 26-нд болсон зөвлөлгөөнд Квантуны цэргийн дэд штабын дарга, хошууч генерал Яно Отосабаро оролцож,нисэхийн 2-р армийн командлагчид 6-р сарын 27-ны өглөө гадаад Монголын нутагт байгаа нисэх буудлуудыг бөмбөгдөх тушаал өгчээ. 

Гэтэл энэ тухай Дорнод аймгийн удирдлага мэдэж, Баянтүмэн хотыг агаараас өнгөлөн далдлах арг хэмжээ авчээ. 6-р сарын 25-ны өглөө Хэрлэнгийн отрядын дарга Г.Лувсанванчиг, комиссар Г.Сандав нар ангиа түгшүүрийн дохиогоор босгож 70 шахам км-т байгаа Баянтүмэнд морин жагсаалаар ирж, МАХЦ-ийн хангалт үйлчилгээний батальон, Зөвлөлтийн армийн зарим салбарын хамт 6-р сарын 25,26-нд Баянтүмэн хотын бүх байшинг гарын дорхи шарилж, лууль, өвс ногоо зэргээр өнгөлөн далдалж, хотын айлуудын ихэнх нь Хэрлэн голын захаар зусланд гарсан байсан ч хотын төвд буюу ойролцоо байгаа айлуудыг хотоос 25 км-ээс цааш нүүлгэн шилжүүлсэн байна.

Японы нисэх хүчний 2-р армийн командлагч авсан үүргийнхээ дагуу дор дурдсан зохион байгуулалт хийжээ. Үүнд 7-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Такаракура Тира хүнд бөмбөгдөгч онгоц 30, 9-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Шитано хүнд бөмбөгдөгч онгоц 27, хөнгөн бөмбөгдөгч онгоц 10, 12-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Хигаши байлдааны онгоц 80-ыг бүгд 147 онгоцоор Зөвлөлт-Монголын нисэх буудлуудыг бөмбөгдөхөөр шийдвэрлэжээ.

Хошууч генерал Такаракурагийн удирдсан 30 хүнд бөмбөгдөгч онгоц, 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцоор хамгаалуулан бүгд 42 онгоц Тамсагийн нислэгийн талбайнууд дээгүүр өнгөрөн баруун зүг нислэгээ үргэлжлүүлэн Баянтүмэн хотыг ололгүй Хэрлэн голыг даган нисч хуучин Хэрлэн Бар хотын хоёр цамхаг хүрээд эргэх замдаа Баянтүмэн хотыг олж бөмбөгджээ. Хотын байшингуудыг сайн өнгөлөн далдалсан учир гол чухал газруудыг олж хохирол учруулж чадаагүй байна.Зөвлөлтийн армийн ангиудын болон МАХЦ-ийн 5-р дивизийн сургуулийн талбай,түлшний хураасан мод, Хорихын байр зэргийг бөмбөгдөж, пулемётоор шүршжээ. Энэ үед Баянтүмэнд байсан нисэхийн ангиуд фронт руу явсан тул хотын хамгаалалтад үлдсэн Зөвлөлтийн гурван дайрагч онгоц агаарт гарч тулалдан Японы гурван онгоцыг устгасан гэдэг. Тэдгээрээс нэг нь Цантын хүрд, хоёрдох нь Хэрлэн голын урд, гурав дахь нь Гурванзагал сумын нутаг Яхи нуурын өмнө Гүнсаваагийн балгасны орчимд унажээ. Амь үрэгдсэн нисгэгчид нь онгоцондоо хүлээтэй үлдэж яс, бугуйн цаг гэх мэт хатуу зүйлийн үлдэгдэл нь 1987 оны үед онгоцныхоо сэгэн дээр байсныг хошууч Ш.Адъяасүрэн олж ирж байсан билээ. 

Квантуны цэргийн командлал Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн явдлаа туйлын амжилттай нүүр бардам боллоо гэж баярлацгааж байлаа. Гэтэл Японы цэргийн төв штаб тэдэнтэй хамт баярласангүй. Анхнаас нь эсэргүүцэж Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдөх байлдааны ажиллагааг зогсоох үүрэгтэйгээр Токиогоос дэд хурандаа Аримацуг томилон явуулсан боловч Квантуны цэргийнхэн замд нь саатуулж байж гадаад Монголын нутгийн гүнд бөмбөгдсөн байна. Энэ нь буруудаж Квантуны цэргийн удирдлага Төв штабаасаа зэмлэл хүлээсэн ажээ. Үүнээс шалтгаалан Халхын голын байлдааны саруудад Японы тал дахин Баянтүмэн хотод агаараас халдан довтлоогүй билээ.


Views: 5392 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk