Main » 2014 » 08 сар » 10 » Л.Мягмарсүрэн: Аливаа улсын хамгийн үнэт зүйл бол хил хязгаар
7:19 PM
Л.Мягмарсүрэн: Аливаа улсын хамгийн үнэт зүйл бол хил хязгаар

Дорнод аймгийн Халхгол суманд хилчин сэтгүүлч бид томилолтоор ажиллахад чин сэтгэлээсээ тусалсан хүн бол тус сумын "Ялалт" музейн эрхлэгч Л.Мягмарсүрэн юм. "Ялалт" музей байгуулагдсны 30 жилийн ой тохиож буй энэ үед түүнийг дугаарынхаа зочноор хилчидтэйгээ уулзуулж байна.

-Таныг Халх гол сумын "Ялалт" музейн эрхлэгч гэдгээр тань хүмүүс сайн мэддэг. Ер нь та аль нутгийн хүн билээ. Музейн эрхлэгчээр ажиллаад хичнээн жил болж байгаа вэ?

-Миний бие Дорнод аймгийн Халх гол сумын харьяат. Тамсаг булагт төрсөн. Улсад 41 жил хөдөлмөрлөх хугацаандаа энэ нутагтаа ажилласан хүн."Ялалт" музейн эрхлэгчээр 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Халхын голын дайн, энэ сумын үүх түүхтэй холбоотойгоор 1982 оноос МХЗЭ-ийн даргын албыг хаших тэр үеэс эхэлж хөшөө дурсгалт газраар тайлбарлан таниулж явдаг, ахмад хүмүүсийн дурсамж яриаг сонсдог, хэвлэл товхимол үзэж харснаар энэ талаар дөртэй болсон юм даа.

-Улсад 41 жил ажиллахдаа та ямар ажил төрөл эрхэлж байв. Энэ жил танай музейн 30 жилийн ой тохиож байгаа. Бусад музейгээс ялгарах онцлог нь юу вэ. Сан хөмрөгөө хэрхэн баяжуулдаг юм бол?

-Би анх сумандаа малын эмчээр ажиллаж байгаад дараа нь МХЗЭ-ийн дарга, нам, сумын даргаар 12 жил ажилласан. 1982 онд тухайн үеийн Намын Төв хорооны Улстөрийн товчооны 159 дүгээр тогтоолоор анх "Ялалт" музей байгуулагдсан түүхтэй. Барилга байгууламжийг нь тухайн үед Дорнод аймагт ажиллаж байсан Барилгын цэргийн 030 дугаар ангийн цэрэг дайчид барьж, 1984 оны наймдугаар сарын 14-ний өдөр ашиглалтад орсон.

Өөрөөр хэлбэл, Монгол цэрэг эрсийн гараар сүндэрлэн боссон. Манай улс дахь музейн зориулалтаар барьсан хоёр музейн нэг шүү дээ. Дотоод засал чимэглэлийг нь тус аймагт ажиллаж байсан зөвлөлтийн барилгачид засч янзалсан. Манайх бусад музейгээс ялгарах хоёр онцлогтой. Одоогоос 75 жилийн өмнө дайн болсон хөрс шороон дээр байрлаж байна.

Мөн зөвхөн Халхын голын дайны түүхийг өгүүлнэ. Түүнээс уран зураг, угсаатан зүй, байгалийн түүх гээд бусад музейнүүдтэй адил салбар зүйлүүдийг өгүүлэхгүй. Музейг анх байгуулагдсан цагаас хойш үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг бичсэн 23 зузаан дэвтэр бий. Үүнээс үзэхэд өнөөдрийг хүртэл "Ялалт" музей нийт 70 гаруй мянган хүмүүст үйлчилсэн байна.

Бид ойг угтан үзэгчдийн тоог гаргахад есөн мянга орчим нь гадаадын зочид төлөөлөгч, аялагчид байгаа юм. "Ялалт" музейг анх байгуулагдахад дайнд оролцсон ахмад дайчид амьд сэрүүн байлаа. Өөрөөр хэлбэл, амьд түүхийн гэрчүүд нь байсан гэсэн үг. Тэр хүмүүсийн дурсамж яриа, зөвлөмж, шатуулсан одон медаль, хувийн эд өлгийн зүйлээс музейн үзмэр бүрдсэн.

Сүүлийн жилүүдэд Халхын голын дайнд оролцсон ахмад дайчид өдрийн од шиг цөөрлөө. Өнөөдөр улсын хэмжээнд дайнд оролцсон амьд сэрүүн 24 хүн байна. Халхын голын дайнд оролцсон хэрнээ өнөөдөр хэн ч дурсахгүй мартагдсан тийм хүмүүс маш их байдаг. Тэдний эд өлгийн зүйл, зураг хөрөг, одон медаль, бичиг баримт тэр бүгдийг олох зорилгоор бид хоёр жилийн өмнөөс аймгийнхаа сумдын хэмжээнд тодорхой ажлыг эхлүүлсэн.

Нутгийн ард иргэдийн гap дээр дайнд оролцож байсан хүмүүсийн эд өлгийн зүйл их байдаг. Ингээд сүүлийн нэг жилийн хугацаанд тэдгээрийг музейд үзмэр болгон тавьснаар хүмүүсийн хандах хандлага нь илт өөр болж байна. Халх гол суманд 1939 оны дайны талбар дээрээс үлдсэн маш их зэвсэг, техникийн үлдэгдэл байсан ч 1990-ээд оноос хар төмрийн наймаа өрнөхөд маш их эвдэгдэж тоногдсон,

Сүүлийн үед Орос, Хятадын судлаачидтай хамтран дайны талбарт хайгуул хийсний үр дүнд тодорхой зүйл үүд гарч ирж байна. Тухайлбал, 1939 онд япончуудын хэрэглэж байсан архи, пивоны шил нь үйлдвэрлэсэн компанийнхаа нэр, хаягтай гарч ирлээ. Мөн 1939 онд япончуудын шумуулаас хамгаалахын тулд өмсч байсан торон малгайны төмөр утсан хүрээ олдсон.

Гэвч үүнийг баталж чадахгүй таамаг төдий байтал өнгөрсөн жил БНХАУ-ын Харбин хотод очиж тэндхийн музейтэй хамтарч ажиллах гэрээ байгуулахдаа дайны үед шумуулнаас хамгаалах торон малгай өмссөн япон цэргийн зургийг номноос харсан. Ингэж шумуулаас хамгаалах төмөр утсан хүрээ мөн гэдгийг тогтоох жишээтэй.

Мөн дайны талбараас 1935, 1936 оны ЗХУ-ын таван копек хүртэл гарч ирдэг. Энэ мэтчилэн музейн сан хөмрөгийг баяжуулж байна. Япончууд сүүлийн 11 жилийн хугацаанд Халх голд ирж эрэл хайгуулын ажил хийн 1939 онд дайнд амь үрэгдсэн хүмүүсийнхээ шарилыг олж, ясыг нь чандарлан эх орон руугаа авч явж байна.

Энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй ажил. Энэ хугацаанд 117 хүний шарил олсон. Эхэндээ дайнд оролцсон 90 гаруй настай хүмүүс ирдэг байсан. Дараа нь дайнд оролцсон хүмүүсийн ар гэрийнхэн ирж сүнсийг нь номхтгож, буян ном үйлдэх зан үйл хийх болсон. Тэдгээр хүмүүстэй бид холбоо тогтоодог.

Ингэснээр 1939 онд аавынхаа өмсч байсан цамц, өвөөгийнхөө цүнх зэрэг цөөнгүй эд зүйлийг манай музейд авч ирж өгсөн. Энэ бол манай улсын нутаг дэвсгэр дээр хаанаас ч ирээд олохгүй үзмэрүүд.

Дайн гэдэг нүгэлт үйл явдал дахин бүү давтагдаасай, хүн төрөлхтөн дайн дажингүй энх амгалан байгаасай, тухайн цаг үед япончуудын дайнд эдэлж хэрэглэж байсан ийм зүйл юм шүү гэдгийг гэрчлэх, танин мэдэхүйн зорилгоор өгсөн нь музейн үзэгчдэд их ач холбогдолтой юм.

-Халхын голын дайнд хичнээн хүн хүч оролцсон нь тодорхойгүй байдаг. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал дээр баттай тоог гаргаж чадсан болов уу?

-Сүүлийн жилүүдэд Халхын голын түүх судлалын асуудал маш хурдацтай хүрээгээ тэлж, судлаач орнууд, судлаачдын тоо нэмэгдэж байна. Өмнө нь Халхын голын ялалтын тэгш ойнуудыг улсын хэмжээнд тэмдэглэн эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хот, Япон, ОХУ, Солонгос улсад зохион байгуулдаг байсан.

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, БХЯ ХХЕГ, аймаг, орон нутгийн удирдлагуудад болон манай зүгээс Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дайн болсон талбар дээр нь зохион байгуулах талаар санал тавьсан. Үүнийг БХЯ-ны сайд, ХХЕГ-ын удирдлага идэвхитэй дэмжиж хамтарч оролцоно гэсэн.

Ингээд өнгөрсөн жил "Халхын голын түүх судлал ба баримт газар орон" сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулахаар зарласан юм. Хуралд БНХАУ-ын 12, ОХУ-ын долоо, Японы гурав, Монголын 25 эрдэмтэн судлаач оролцсон. Таван өдрийн турш үргэлжилсэн тус хуралд нийт 24 илтгэлийг хоёр өдрийн хугацаанд хэлэлцсэн.

Үлдсэн гурван хоногт нь дайн байлдаан болсон газар орноор эрдэмтэн судлаачдыг аялуулсан. Энэ нь ч учиртай. Газар орон, нэр нэршлийн талаар зөрүүтэй ойлголтууд олон байдаг. Тухайлбал, дайн яагаад өдсөн, дайны хохирол, гүн цөмрөлт, хүн хүчний тоо зэрэг олон зүйл дээр зөрүүтэй ойлголт байдаг. Японы тал Халхын голын байлдааныг Номун хааны будлиан, мөргөлдөөн гэж нэрлэх жишээтэй.

Орос, Хятад, Монголын судлаачид хамарч буй хүрээ, оролцож байгаа улс орон, хүн хүч, зэвсгийнх нь хэмжээгээр авч үзэхэд яалт ч үгүй дайны хэмжээнд авч үзнэ гэдэг. Хурлын үеэр зарим тодорхой шийдлүүдэд хүрсэн.Тухайлбал, манай улсын газрын зураг дээр Хайлаастын гол гэж нэрлэгдсэн байхад Хятад, Японы судлаачид Хулстайн гол гэж нэрлэдэг.

Учир нь Хятадын нутгаас эх авдаг Цагаан нуур нь битүү зэгстэй учир ийнхүү нэрлэдэг байна. Ингээд манайд орж ирснээс нь хойш маш их хайлаастай газраар ам болон дамжин урсдаг учраас Хайлаастын гол гэж бид нэрлэсэн байх юм. Ингээд эх авч буй Хятадын нутагт байгаа хэсгийг нь Хулстайн гол, Монголд орж ирээд Халх голд цутгаж байгааг нь Хайлааст гол гэдэг юм байна гэж нэр нэршил дээр тохирсон.

Түүнчлэн дайн гэдгийг өнгөрсөн жилийн хуралд дээр Японы тал дайны хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Дайнд оролцсон хүн хүчний хувьд харилцан адилгүй тоог гаргадаг байсан. Судлаачид архивын тоо баримтыг сайтар нягтлан судалж Халхын голын дайнд Монголын талаас 999 хүн, Оросын талаас 26850 хүн, Японы талаас 38 мянган хүн оролцсон гэж тэмдэглэдэг.

Гэвч Японы эрдэмтэд 28 мянга орчим хүн амь насаа алдсан гэсэн тоог гаргасан. Тэгэхээр цаашид 28 мянга уу, 38 мянга уу гэдгийг үргэлжлүүлэн судлах шаардлага гарч байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал дайн болсон газар орон дээр зохион байгуулагдах нь эрдэмтэн судлаачдын зөрүүтэй ойлголтыг нэгдсэн нэг болгох ач холбогдолтой.

Мөн олон орны эрдэмтдийн үзэл бодол, бичиж туурвисан бүтээлийг харьцангуй эргэлтэд оруулж ашиглахад дөхөм болж байгаа юм. Үүнээс гадна дайн гэдэг нүгэлт үйл явдал эдийн засгийн болон хүн хүчний хувьд ямар хор уршигтай гэдгийг нүдээр үзэж харж байгаа. Дайн болсон газар орон дээр ирээгүй, архивын шарласан хуудсыг эргүүлж байгаад судалж буй олон арван эрдэмтэд байдаг.

Окоп гэхэд баруун тийш харсан амтай нь Орос, Монголынх уу, Японых уу, танк аль талаараа окоп руу орж бууддаг вэ гэх зэргээр хүмүүсийн мэдэхгүй ойлголтууд олон бий. Тэгэхээр энэ бүхнийг таньж мэдэхэд нь газар орон дээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах нь ач холбогдолтой юм.

Судалгааны үеэр судлаачид өмнө нь илрүүлсэн японы 72 дугаар явган хорооны удирдлагын байран дээр очиж үзэх үеэр япон ханзтай сум олдсон. Сум байсан өндөрлөг удирдлагын байрны баруун урд жигүүрт нь байсан. Тэгэхээр цэргийн урлагийн хувьд удирдлагын байрыг их бууны галын цэгээр хамгаалж байх үүрэгтэй байсныг мэдсэн. Мөн удирдлагын байрнаас холбооны хэрэгсэл олдсон. Энэ мэт газар орон дээр дайны холбогдолтой, түүнийг баталгаажуулах зүйлд олон байна.

-Халхын голын дайныг дайн мөн биш гэдэг дээр судлаачид их зөрөлддөг. Тэгвэл өнгөрсөн жилийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар дайн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох нь ээ. Энэ дайнд хилчид хэрхэн оролцсон байдаг вэ?

-Халхын голын дайнд хилчдийн гүйцэтгэсэн үүрэг харьцангуй их. Хилийн цэргийн застав, суман дайнд хэрхэн оролцсон талаар тод томруун гаргаж ирэхгүй байгаа. Ер нь Халхын голын дайн эхлэх цаг үеэс эхлэн өнөөдрийг хүртэл улсынхаа дархан хилийг хамгаалж байгаа хамгийн бага унтаж, хамгийн сэргэг байдаг хүмүүс бол хилчид шүү дээ.

1939 оны тавдугаар сарын 11-нээс дайн эхэлж есдүгээр сарын 16-нд Япончууд бууж өгснөөр дайн дууссан. Энэ хугацааг Халхын голын дайн гэж нэрлээд байгаа юм. Дайн эхлэхээс өмнө улсын хил дээр ямар будилаан, маргаан, мөргөлдөөн гарч дайны хэмжээнд хүртэл үргэлжлэх тэр үед ч хилчид хилээ хамгаалж байсан.

1935 оноос эхлээд 1939 оны тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Монгол Улсын хилийг зүүн өмнө талаар том, жижиг хэлбэрээр 60 удаа өдөөн хатгасан, мөргөлдөөн болсон гэдэг судалгаа байдаг. Тодорхой баримт жишээнээс дурдахад Баргын 1000 орчим айл өрхийг санаатайгаар Монгол Улсын хилд 3-5 км гүнд нэвтрэн оруулж газар нутгийн маргаан үүсгэн дайн болох шалтаг шалтгааныг тавьж байхад үүний эсрэг хилчид л ухуулга сурталчилгаанд явж, хүн буудахгүй, эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж болохгүй зөвхөн ухуулан таниулж хил гарахыг шаард гэсэн үүрэг даалгавартай дайны өмнөх байдлыг зохицуулж байжээ.

1935 оны нэгдүгээр сарын 24-нд анх удаа Халхын сүм гэдэг газар тухайн үед улсын хилээс 2-3 км-ийн гүнд байсан сүмийг Япон, Манжийн цэрэг эзлэн авсан. 1927-1928 оны Баргын олон айл манай нутагт нүүн орж ирсэн.

Тухайбал, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын зүүн талаар Шинэхээн буриадууд нүүж ирсэн. Энэ үеэс хилийн гадаад цагийн байдал түгшүүртэй болж эхлэхэд Цагаан-Овоо сумынхныг нутгийн гүн рүү татаж хил дээр харуул манааг чангатган, хөдөлгөөнийг зохицуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Халхын сүмд байсан лам нарыг нутгийн гүн рүү татсанаар Халхын сүм эзгүйрсэн юм.

Үүнийг далимдуулан Япон, Манжийн 17 зэвсэг бүхий цэрэг сүмд нэвтрэн орж ирэхэд манайхаас тодорхой тооны хүмүүс очиж улмаар үг хэлээ ололцохгүй маргаан болсноор 17 дугаар хорооны Дондов, Янжив гэдэг хоёр цэрэг буудуулж амь насаа алдсан байна. Мөн Японы Хонда гэдэг дэслэгч хоёр цэргийн хамт амь насаа алдсан.

Ингэж Монгол Улсын хил дээр анхны зэвсэгт мөргөлдөөн болж анх удаа эрдэнэт хүний амь нас сүйдсэн байдаг. Үүнээс хойш их, бага хэмжээгээр 1939 оны тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн мөргөлдөөн, тулалдаанд хилчид л оролцож улсынхаа хилийг хамгаалж байсан. Тэр олон тулалдаанд өөрсдөөсөө хэдэн арав дахин илүү хүний өөдөөс хилчид тасаг, сумангийн хэлбэрээр зохион байгуулагдаж байсан үе шүү дээ.

-Халхын голын дайны талбараас төрсөн Монгол Улсын баатруудтай мөр зэрэгцэн тулалдаж байсан олон арван эрэлхэг хилчдийг хойч үе бид мартах учиргүй. Тэдгээр хүмүүсийн дунд баатар болох хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Энэ тухайд?

-Монгол Улсын баатар гэдэг цолыг Ш.Гонгор гуай анх удаа дайны талбар дээр авсан. Үүний дараа Л.Дандар, Б.Чогдон, С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Э.Шийлэг зэрэг хүмүүс авсан. Баатар болж алдаршихад тэдний байгуулсан гавъяа нь ил байсан хэрэг. Энэ хүмүүсийг амьд сэрүүн байхад нь олгосон.

Эх оронч М.Гэндэн, М.Гаасүрэн, Х.Гадцорж, Жүгдэрнамжил зэрэг хүмүүсийн алдар гавъяа нь олон түмэнд түгэлгүйгээр ертөнцийн мөнх бусыг үзсэн. Монгол Улсын баатар Л.Дандар хөшөө дурсгалыг тайлбарлан таниулж байхдаа, "Манай Төмөрбаатар аргагүй л баатар болох хүн дээ" гэж ярьж байлаа. Гэтэл өнөөдөр энэ гарцаагүй Монгол Улсын баатар болох хүн дээ гэж хэлэх, тодорхойлох хүн ховор болчихлоо.

Нэг үгээр хэлбэл, амьд гэрчүүд байхгүй болсон учраас энэ зүйл хоцроод байна. Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэн гэхэд аль эрт баатар болох ёстой хүн. Гэтэл түүнийг нас барсны дараа ард түмний шахалтаар нөхөн шагнасан шүү дээ. Ийм эрэлхэг гавъяатай хүмүүс маш их. Үүнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааг маш сайн хийх хэрэгтэй.

Би хоёр жишээ ярья. 1969 онд Монгол-Зөвлөлтийн залуучуудын анхдугаар тойрон аялал, чуулга уулзалтын үеэр би хөшөө дурсгалуудыг тайлбарлаж байлаа. Монгол Улсын баатар Ш.Гонгор тойрон аялалд хамт явж байсан юм. Би ч түүний хэмжээнд юу ярихав. Тэгэхэд Монгол Улсын баатар М.Экейн шарил дээр модон багана, хажуу талд нь таван хошуу босгосон.

Халхголд одоо байгаа ихэнх хөшөөнд анх удаа алдрын багана босгосон нь тэр. Өөрөөр хэлбэл дайнд оролцсон хүмүүсийг амьд сэрүүн байхад нь энэ газар ийм учиртай гэж хэлсний дагуу дурсгалын самбаруудыг босгосон. Өнөөдөр тэр нь хөшөө болчихоод байна. Энэ нь дайнд оролцсон хүмүүсийн хөдөлшгүй баримтаар нотлогдсон газрууд гэж хэлж болно.

Тойрон аяллын үед М.Экейн шарил дээр чулуугаар гурав хашсан байсан. Монгол Улсын баатар Л.Дандар хэлэхдээ нэг нь М.Экейн, нөгөө нь түүний сурагчийнх, нөгөө нэг нь морин жолоочийнх нь шарил гэж билээ. Тэгээд "Жинхэнэ баатар хүн бол энэ М.Экей юм. Тэр бол зургадугаар дивизийн 17 дугаар морьт хорооны дөрөвдүгээр сумангийн дэслэгч цолтой дарга байсан. Казах хүй" гэсэн.

Яагаад жинхэнэ баатар болохыг лавлахад, "Надад энэ цолыг төр засаг өгсөн. Харин Экей дайсны винтовны суманд өртөж гэдэс нь хүү татагдчихсан байхад шороотой гараараа гэдсээ буцааж хийгээд нөгөө гараа дээш өргөн "Дайраад, ура" гээд хашгирч явсан юм. Энэ бол жинхэнэ баатар хүн шүү" гэсэн. Үүний дараа удалгүй сониноор түүний тухай нийтлэлүүд гарч М.Экейд Монгол Улсын баатар цол нэхэн шагаасан шүү дээ.

Монгол Улсын баатар Л.Дандар хорооных нь дарга байсан. Дараа нь дивизийнх нь дарга болсон. Улмаар сумангийнхаа даргын алдар гавъяаг тодорхойлж байгаа нь тэр. Тэр үеийн баатрын тодорхойлтод тавигдах шаардлага ямар байсан талаар нэг жишээ хэлье. Мягмарын Балдан гэдэг нь Халх голын отрядын харьяа хилийн тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж Монгол Улсын хилийг 33 удаа зөрчин тагнуул хийсэн хүн.

Энэ хүнийг эх оронч шагналаар шагнуулах гэж тодорхойллоо. Тодорхойлолт дээр намын, сумын, үйлдвэрчний, эвлэлийн гэсэн дөрвөн дарга гарын үсэг зурна. Ингээд тодорхойлолтоо явууллаа. Тэр үеийн Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх улсын зэрэг цол олгох комиссын хяналт маш нарийн байсан. Тэгсэн тодорхойлолтыг нь шалгаад буцаалаа.

Балдан гуай ар нуруундаа айхтар том шархтай байсан юм. Тэгсэн наад хүн чинь эх оронч цол авах хүн биш байна. Япончуудтай байлдаж байгаад зугтаасан байна. Байлдаж байгаад буудуулсан бол цээжээрээ буудуулах ёстой. Гэтэл зугтааж яваад араасаа буудуулсан байна гээд л нөгөө шагнуулах ч өнгөрлөө.

Дараагаар нь МУСГЗ Д.Амбасэлмаа Халхголд нэвтрүүлэг бэлтгэхээр ирсэн байхад нь Балдан гуай цагаан цамцаа сөхөөд, "Би тагнуулынхаа мэдээг аваад улсынхаа хил өөд орж явтал буу дуугарсан. Халуун оргих шиг болохоор нь дараад үзсэн цус байлаа. Би буудуулчихлаа. Хурдхан отряд дээрээ очиж мэдээгээ хүргэе гээд ухаан сэхээгүй давхиж ирээд цустай гараараа мэдээгээ өгсөн дөө" хэмээн ярьж байсансан.

Би боддог юм. Яг тэр тодорхойлолт дээр гарын үсэг зурсан дөрвөн байгууллагын даргын нэг нь би өөрөө байгаа юм. Чухамхүү тухайн үеийн тодорхойлолт дээр түүнийг тагнуулын үүрэг гүйцэтгээд улсын хилээр орж ирэхдээ буудуулсан гэж байсан юм уу, эсвэл араасаа том шархтай гэсэн эсэхийг одоо сайн санахгүй байна. Ийм байдлаар алдар гавъяа, зэрэг цол олгоход шалгуур өндөртэй байсан байхгүй юу.

Хэрэв үнэхээр тухайн үеийн тодорхойлт дээр тагнуулын мэдээ авчихаад улсын хилээр орж ирэхдээ японы талаас буудуулсан гэж байсан бол тэр хүн одоо эх оронч цолтой болсон байхыг үгүйсгэхгүй.

Тэгэхээр Монгол Улсын баатар Л.Дандар, Монгол Улсын баатар М.Экейг тодорхойлсон, бид Мягмарын Балданг тодорхойлсон энэ хоёр жишээнэх аваад үзэхэд үнэн худал хоёрын хооронд хуруу зөрүү байдаг гэдэгтэй адил үгийн цэц оновчгүй тодорхойлолтын буруугаас болоод авах ёстой цолоо аваагүй хүн ч бий. Дардан замаар шууд авсан нь ч бий.

Тийм учраас хүмүүсийн алдар гавъяаны тодорхойлолт үнэн зөв байх хэрэгтэй. Халхын голын Ялалтын 70 жилийн ойгоор БНМАУ-ын гавъяат нисэгч Дугарын Гунгаад Монгол Улсын баатар цол олгосон. Ер нь амьд сэрүүн байхад нь өгөх ёстой цол, гавъяаг нь өгөх нь илүү үнэ цэнэтэй.

-Таны ажлын ширээн дээр жүжгийн зохиол дэлгээстэй харагдсан. Мөн таныг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэдгийг зохиол дээрээс тань хараад мэдлээ. Энэ цолыг хэзээ хүртсэн юм бэ. Зохиолынхоо тухайд бидэнд сонирхуулахгүй юу?

-Би төрд ажилласан 41 жилийн хугацаанд соёл урлаг, танин мэдэхүйн чиглэлээр ажилласан. Миний хувьд "Тогтохтөр ван" уран сайхны киноны хамтран зохиогчоор нь ажилласан. Их бурхантыг сэргээж олон түмэнд таниулах, нутгийн үүх түүх, Халхын голын дайны талаар судалгаа хийж жижиг гэхгүй ном бүтээл гаргасан.

Мөн эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэлүүд тавьж ажилласныг минь соёлын салбараас үнэлж намайг 2005 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Халхын голын дайны Ялалтын 75 жилийн ой, "Ялалт" музей байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан миний хувьд "Тушаал" нэртэй жүжгийн зохиол бичлээ.

Гол үйл явдал, санаа нь Мягмарын Балдангийн тухай өгүүлэх юм. Тэр хүн Хилийн 0198 дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Миний хувьд бага наснаасаа эхлэн тэднийхтэй айл, аймаг явлаа. Төрсөн хүүтэй нь нэг ангид сурч байлаа. Тэр үед та хаана ямар үүрэг гүйцэтгэж байсан юм. Япон барьж байсан уу? гэж асуухаар, "Хүүхдүүд та нарт ямар хамаа байна" гээд барагтаа бол юм ярьдаггүй байв.

Үүнээс гадна манай суманд Одонт Баяр гэдэг "Алтангадас" одон авсан малчин эмэгтэй байсан юм. 1938 онд Баяр гуайн гэрт үс сахалдаа баригдсан монгол цэрэг хувцастай нэг хүн иржээ. Түүнээс та яаж яваа юм бэ? Хамар даваа өөд яваа цэргийнхээ цуваанаас хоцорсон юм уу? гэж асуутал тийм гэж зөвшөөрч.

Тэгэхээр нь Баяр гуай ойрын хугацаанд Хамар даваа өөд цэргийн цуваа явж үзэгдээгүй, яавч худлаа хэллээ дээ гэж бодоод цай хийж өгсөн учиргүй уужээ. Хол явж байгаа хүнд гээд борц нүдээд ил тулганд хормой хормойгоор нь аргал түлж хоол хийж өгөхөд нөгөө хүн идчихээд тамхи татаж гэнэ. Тэгсэн их нялуун хурц үнэр үнэртэхээр нь Баяр гуай бүр ч сэжиглэж.

Ингээд хоол идчихээд унтаад өгөхөөр нь хүүхдээ ойр хавийн хүнд хэл дуулгахаар мордуулжээ. Удалгүй хүмүүс ирж Японы мэргэжлийн офицерийг баривчилсан байна. Үүнээс 10 гаруй хоногийн дараа малчин эмэгтэйг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Бумбацэнд гуайн гарын үсэгтэй "Алтангадас" одонгоор шагнасан ажээ.

Энэ нь тал нутгийн малчин эмэгтэй Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулахын төлөө сонор соргог ажиллаж, амьдарч байсныг илтгэнэ. Мөн Хөвөөцагааны Адъяа гэдэг хүний талаар тодорхой материал олж авсан. Адьяаг Баргын талаас Монгол руу тагнуулаар явуулахад нь Монголын талаас эргээд тагнуулаар явуулдаг байсан гэдэг.

Ийнхүү тэрбээр үүрэг гүйцэтгэж байгаад 1940 хэдэн онд нас барсан байдаг юм. Энэ жүжгийг бодит дүрээс сэдэвлэсэн бөгөөд тухайн дайны цаг үеийн үйл явдлыг харуулсан учир уянгын драмын хэлбэрт оруулж бичсэн. Жүжгийн найруулагчаар "Шинэ үе" продакшны жүжигчин Э.Энхбат ажиллаж байгаа.

Сумынхаа ойгоор үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Сум, орон нутагт өөрийн үндэсний нэрийн хуудас болсон жүжиг их ховор. "Тушаал" жүжиг маань Халх гол сумын нэрийн жүжиг нь болно гэдэгт итгэлтэй байна.

-"Ялалт" музейн хамт олон хилчидтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?

-Музейн хамт олон Хилийн 0198 дугаар ангитай олон жилийн хугацаанд уламжлалт сайхан харилцаатай ажиллаж ирсэн. Монгол Улсын тусгаар топнол, эрх чөлөөг баталгаажуулсан Халхын голын дайны үнэн түүхийг хүүхэд залуучуудад түгээн танилцуулах нь манай музейн гол үүрэг. Энэ нутагт улсынхаа хилийг хамгаалахаар ирсэн цэрэг дайчдад музейг үзүүлэхдээ,"Монгол Улсын хил хязгаарыг хамгаалах хариуцлагатай албанд та бүхэн ирлээ. Энэ бол дуртай аавын хүүгийн хүсээд ирдэг газар биш. Энх цагт ч гэсэн та бүхэн 1939 оны хилчин дайчидтай адил үүрэг гүйцэтгэх ёстой юм шүү" гэдгийг бид хэлж захьдаг.

Бид жил ирэх тусам хилчидтэйгээ хамтын ажиллагаагаа сайжруулж байна. 2014 оны I ээлжийн ХЦАХ-дын тангарагийн баярыг манай музейд зохион байгууллаа. Ард иргэдийн дунд цэргийн алба хааж буй залуусын цэргийн бэлтгэл, боловсрол ямар байгаа, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хаана, ямар үүрэг гүйцэтгэхээр ирснийг үзэж сонирхсон.

Энэ арга хэмжээ сумын наадмын дайтай болж өнгөрсөн. Энэ үед шинэ цэргүүд тангараг өргөхөөс гадна отрядын хамт олон хил хамгаалах албанд ашиглагдаж буй зэвсэг техникүүдээ дэлгэн үзүүлсэн. Цугларсан олон энэ бүхнийг өөрсдийн нүдээр үзэж байна гэдэг хил хязгаарыг хамгаална гэдэг хэдэн цэргүүд хилийн манаанд АКМ буу үүрээд явдаггүй юм байна шүү гэдэг ойлголттой болсон.

Шинэ дайчид cap гаруй хугацаанд маш сайн суралцсан байна билээ. Зэвсгийн болон жагсаалын бэлтгэл, үзүүлэх сургуулийг маш сайн хийсэн миний хувьд үнэхээр сонирхолтой санагдсан. Одоогийн цэргүүд маш сайн боловсорч, сурч байгаа юм байна гэж үзэж сонирхсон хүмүүс ч ярьж байсан.

-Таны бодлооор эх орны үнэ цэнэ чухам юунд оршин байна вэ. Өнөөгийн залуус бид эх орныхоо үнэ цэнийг хэрхэн авч явах естой юм бол?

-Эх орон гэдэг хоёрхон үгийг хэн ч цээжээ дэлдээд чанга дуугаар хэлж чадна. Гэтэл эх орон чухам ямар үнэ цэнэтэй, хэрэгтэй, ач тустай юм бэ гэсэн асуултад манай залуучууд тэр бүр хариулж чаддаггүй. Уул ус газар шороо, эх болсон байгаль дэлхий энэ бүхэн бидний үнэ цэнэ гэж хэлдэг. Тэгэхээр чин үнэн санаанаас хүн гэдэг энэ хорвоод ганц удаа төрж, ганц удаа амьдардаг.

Насжилтын хувьд тодорхой хугацаатай. Хүмүүн гэдэг бодгалийн амьдралын түүх үеийн үед үргэлжилж давтагддаг. Миний хувьд эх орон гэдгийг хүн болж эхийн умайгаас мэндэлж хорвоотой танилцсан тэр үеэс эх орныхоо хөрс шороонд төрөл арилжих хүртэл тэр урт, богино хугацаанд юуг мэдэж таньсан, бусдаас харамлаж байсан түүнийг эх орны үнэ цэнэ гэж хэлнэ.

Улс орон бүрт хил, хэл, соёл гэж бий. Энэ гурван зүйлийн хамгийн үнэтэй нь хил. Өөрөөр хэлбэл, энэ баганаас нааш манай нутаг гэж зааглаж өгсөн тэрхүү зах хязгаарыг эх орон гэдэг. Эх орныг баталгаажуулж, хамгаалах гэж бидний өвөг дээдсийн тэмцсэн тэмцэл үеийн үед шастирлаж, баринтаглагдаж үлдсэн түүхийн хуудас юм. Үүнийг найдвартай хадгалж байгааг эх орноо хамгаалж байгаа гэж үзэх ёстой.

-Өвөг дээдэс минь үеэс үед амь насаа үл хайрлан тэмцэн байж хадгалж үлдсэн энэ газар шороог хамгаалах нь өнөө цагийн хилчдийн үүрэг юм. Энэ ч утгаараа Халхголын домогт отрядоос манай үе үеийн мундаг дарга нар төрөн гардаг болохоор хилчид их билэгшээж байдаг?

-Хилчин гэдэг жилийн дөрвөн улиралд улс эх орныхоо хил хязгаарыг нүд цавчилгүй харж байдаг хүмүүс. Тэд байгаль цаг уурын ямар ч үзэгдэл, өдөр, шөнө, цаг хугацааг ялгалгүй улсынхаа торгон хилийг хамгаалж байдгаараа онцлогтой гэж би боддог. Халхгол нутаг минь их онцлогтой. Дорнын тэнгэрээс наран авхай мандаж, хүн зон, хөрс ургамлыг тэжээн тэтгэдэг.

Монгол эх орны өглөө Халхголоос эхэлдэг. Алтан нарны шижиртэх туяа Нөмрөг, Соёлж, Модот хамрын мөнгөн оргил дээр тусч Халхголын мяралзах урсгал Буйрын мөнгөн давалгаа Мэнэнгийн уудам талаар хурд сорьж Монгол эх орны өглөө эхэлдэг. Энэ алтрах нарны шижир туяа хаана цацарч байгаа тэр газарт Монгол эх орны өглөө эхэлдэг.

Түүнтэй адил Халхгол суманд ажиллаж амьдарч буй хүмүүс алтан нартай хамт мэндэлж, улсын хил дээр ажиллаж амьдардаг. Би энэ нутагт төрсөн. Миний үр хүүхдүүд мөн адил энэ л нутагт төрж өссөн. Халхголын отряд гурван дайны нүүрийг үзсэн гэдгээрээ бусад отярдуудаасаа онцлогтой. Отрядын үе үеийн удирдпагууд болон ажиллаж, амьдарч байсан хүмүүсээс алдрын титэм өөд сайхан алхсан хүмүүс их бий.

Жишээлбэл генерал Ж.Ишдорж, Л.Баябазар, Ш.Арвай, П.Сүндэв, Л.Лхачинжав нар бол цэргийн эрхэм дээд цолыг хүртсэн алдартнууд. Халхголын отрядоос төрсөн хурандаа нар ч олон бий. Энэ нь домогт отрядод ажиллаж, амьдарч буй хүмүүст цэргийн дарга болох сүүн цацалт замыг Халхгол нутаг адил хүртээдэг жишээ энэ юм.

-Ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Та бид хоёрын ярилцлагыг улсынхаа хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид минь уншиж байгаа. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол орныхоо нутаг дэвсгэрийг өдөр шөнөгүй хамгаалж буй эх орныхоо эрэлхэг хилчдийн цаашдынх нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Бидний өнөөдрийн амьдралыг сайн сайхан болгосон ахмад хилчдийгээ дурсан ярьж, бахархан дуурайх гавъяат үйлсийг үеийн үед санаж эх орон гэдэг үнэт зүйлийнхээ төлөө чөмгөө дундартал, нүдээ цавчилгүй улсынхаа дархан хилийг сахин хамгаалаарай. Монгол Улсын төлөө таны өргөсөн тангарагтаа үнэнч байх их үйлд тань амжилт хүсье.

Ярилцсан ахлагч О.Алтанцэцэг

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин

Views: 944 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk