Main » 2014 » 08 сар » 16 » БААТРУУДЫН ҮР САДТАЙ УУЛЗАВ
12:28 PM
БААТРУУДЫН ҮР САДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын баатруудын хүүхдүүд, ач зээ нар Монгол цэргийн музейд зочлов. Д.Сүхбаатар, Д.Данзанваанчиг, Д.Нянтайсүрэн, Н.Жамбаа, Т.Дүүдэй, Н.Хаянхирваа, С.Дампил, Ч.Шагдарсүрэн нарын хүүхдүүд, ач, зээ Д.Ухнаа, Н.Сүрэнхорлоо, Ж.Сэлэнгэ, Ү.Билэгсайхан, Х.Оюунцэцэг, Х.Оюунчимэг, Х.Бадарч, Октябрь нар 032 дугаар ангийн дайчдад баатруудын эх орныхоо тусгаар тогтнолын төлөө байгуулсан гавъяат үйлсийн талаар ярьж, музейн түүхийн танхимуудаар хамтдаа зочиллоо. Халх голын дайны 75 жилийн ойн жилд баатруудын үр сад дайны түүх, эцэг, өвгөдийн байгуулсан гавъяаг залуу үед сурталчилах, баатруудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ойн өдрүүдэд музейн тайлбарлагчаар ажиллах, 2015 онд 100 жилийн ой нь тохиож буй Улсын баатар Н.Хаянхирваагийн дурсгалын хөшөөг орон нутагт нь босгох зэрэг саналыг дэвшүүлж байв.

 

НАЙМАН БААТАР ТӨРҮҮЛСЭН БААТРЫН ХҮҮ ГЭЖ ОМОГШДОГ

 Монгол Улсын баатар Д.НЯнтайсҮрэнгийн хүү Н.СҮрэнхорлоотой ярилцлаа.

 Халхын голын дайны их ойн жил аавынхаа тухай дурсахад...

-Миний хувьд дайны дараа төрсөн болохоор аавын маань Халхын голын дайнд гүйцэтгэсэн үүргийн талаар дэлгэрэнгүй мэдэхгүй. Энэ дайнд Монголын Ардын Армийн 6, 8 дугаар морьт дивиз бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Түүний нэг морьт дивизийн дарга нь миний аав байжээ. Аавыг Матадад байхад маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр Халхын голд томилсон гэдэг. Баянцагааны нуруун дээрээс урагшаа харахад Хэрээ, Хулд уул алсад бүдэг бадаг харагддаг юм билээ. Аавын маань ярьж байснаар Баянцагааны нуруунаас Хэрээ уул хүрэхэд 30 км гэдэг. Ийм өргөн фронтод аавын командлаж байсан 8 дугаар морьт дивиз хориглон хамгаалж байжээ.

Тус дивизийн байгуулсан гавъяаны талаар юу хэлэх вэ?

-8 дугаар морьт дивизийн хувьд сайн, муу хоёуланг нь хэлүүлж байсан. Монгол Улсын баатар 3-ыг төрүүлсэн. 1969 онд Хаянхирваа, Дугаржав хоёр нэг зарлигаар, сүүлд нь 22 дугаар хорооны хөнгөн пулемётчин Д.Самдан баатар цол хүртсэн. Дараа нь их бууны салааны дарга Шарав баатар болсон. Гурван баатартай нэгтгэл юм чинь муу үүрэг гүйцэтгэсэн гэж лав хэлэхгүй байх.

Дайны тухай аав тань юу ярьдаг байв?

-Аавыгаа амьд байхад зурагтаар байлдаантай кино үзээд “тэгж буудсангүй, ингэж давшсангүй” гэж бид хэлэлцдэг байлаа. Тэгэхэд аав маань “Та нар дайныг нүдээрээ үзээгүй. Уран сайхны хэлбэрээр л харж байна. Дайн гэдэг хүсэх юм биш. Элэг эмтэрч, зүрх шимшрэм үйл явдал шүү” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

Д.Нянтайсүрэн баатар 1945 оны дайнд мөн оролцсон доо?

-Чөлөөлөх дайнд морьт механикжуулсан хуягт бригадыг удирдсан. Энэ хуягт бригадыг Цог генерал хурандаа цолтой командлаж байгаад 1944 онд академид явахдаа аавд хүлээлгэж өгчээ. Дээд командлалаас “Морьт мехникжуулсан 7 дугаар хуягт бригад” гэдэг нэрийг өгсөн. Аав маань бригадаа шинэ зохион байгуулалтад оруулсан гэдэг. Эхлэх байраа Зүүнбаянгийн наахан талд эзлээд, зугуухан урагшилсаар хурандаа Доржинскийн бригадтай зэрэг хил давсан юм билээ.

Улсын хил давсан газарт нь Та очиж байв уу?

-Улаан-Уулын отрядын Шар хадны застав гэж байдаг. Би тэнд очиж үзсэн. Тус заставынхан самбартай том багана босгоод нэг талд алх хадуур, соёмбо нөгөө талд нь Монгол, Зөвлөлтийн далбааг дүрсэлсэн байна лээ. Яг энэ баганы хажуугаар хил давсан гэдэг.

Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэхэд амар байгаагүй гэдэг?

-Уг бэхлэлтийг эзлэхэд аавын бригад оролцсон. Монгол, Зөвлөлтийн гурван бригад 3 хоногийн дотор бэхлэлтийг сэт цохиод Чуулгат Хаалга руу орсон байдаг. Тэр бэхлэлтийг япончууд “Давагдашгүй цайз” гэж нэрлэсэн юм билээ. 40 мянган хятад, өвөр монгол иргэдээр бариулаад нууцыг алдахгүйн тулд бүгдийг хөнөөсөн гэж ярьдаг. Бэхлэлтийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэх нэг хүний тухай аав ярьж байсан. Баруун гарынхаа эрхий хурууг тасдаж япончуудад үнэнч байна гэж андгайлжээ. Дэ вангийн цэргүүд бууж өгч байх үед нэг хүнийг чирч авчраад “энэ хүн японы талд ажиллаж хуруугаа тасдаж тангараг өргөөд амьд үлдсэн” гэж хэлээд буудаж алсан гэж аав маань ярьдаг байв.

Баатрын гэрт өссөн болохоор дайны баатруудыг багаасаа мэддэг болсон биз?

-Аавыг амьд байхад Т.Дүүдэй ахын салаа, их бууныхан, 22 дугаар хорооныхон ирж уулздаг байсан. 1945 оны дайнд оролцсон 1 дүгээр батальоны захирагч Сосор цэргүүдээ дагуулаад ирдэг байлаа. Ер нь манайх ахмад дайчдын хөлд дарагддаг. Орой бүр л дайны тухай сонирхолтой дурсамж яриа өрнөдөг байж билээ. Аав маань 1971 онд Армийн 50 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол хүртсэн. Чогдон баатартай нэг өдөр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Аав маань 10 гаруй жил баатраа гэж дуудуулж явсан. Урьд нь хурандаа гэдэг байлаа. Түүнээс өмнө мэддэг хүмүүс нь нэг үе “эх оронч” гэж дууддаг байсан. 8 баатар төрүүлсэн баатрын хүүхэд болохоор баатруудын тухай ярихаар би омогшдог. Аавыгаа дурсаад 1945 оны дайныг ярихаар би ээжийгээ дурдмаар санагддаг.

Таны ээжийг хэн гэдэг вэ?

 

-Миний ээж Цэдэнгийн Дашцэрмаа 1945 оны дайнд сувилагч явсан юм. Норовдаваа, Цэрмаа, Отгон гуай нартай хамт алба хааж явсан. Лхамчогдон, Даш гуай сайн мэддэг. Ухнаагийн аав Данзанваанчиг баатрын шархыг ээж минь цэвэрлэж, боогоод онгоцонд суулгаж байлаа гэж дурсан ярьдаг байсан. Ээж маань 1938 онд аавтай гэр бүл болоод аавыг хаа явсан газар бүрт нь хамт явж байсан. Ээж Халхын голын дайнд 8 дугаар морьт дивизийн ар талын албанд ажиллаж байсан. 1945 оны дайнд яг фронтод үүрэг гүйцэтгэсэн сувилагч хүн. 
 

Views: 850 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk