Main » 2011 » 12 сар » 8 » Ахмад хилчин Н.Наваанжанцан : Хамгийн гол нь хилчин хэмээх нэр төрөө өндөрт өргөж яваарай
12:32 PM
Ахмад хилчин Н.Наваанжанцан : Хамгийн гол нь хилчин хэмээх нэр төрөө өндөрт өргөж яваарай
-Та цэргийн алба хаана хаасан бэ. Цэрэгт алба хааж байсан үеэс тань яриагаа эхэлвэл сонин
байх болов уу?
- Өвөө нь 1921 оны хүн. Хэнтий аймгийн Галшар сумынх. 1944 онд Хилийн 0132 дугаар ангид цэргийн
алба хаасан. Дөрвөн жил хаах ёстойгоос өөрийнхөө
хүсэлтээр зургаан жил болж байв. Цэрэгт байхдаа ахлагч цолтой, малын даргын үүрэгт ажилтай
байлаа. Зүүн хязгаарт алба хаасан гэдгээрээ их
бахархдаг юм. Тэнд ...дугаар заставт байхдаа гадаадын өнгөлзөгч Японы тагнуулчийг илрүүлж,
Орос, Монголын "Онц хилчин” болж байлаа. Мөн
Ардын Их Хурлын дарга Г.Бумцэндээс "Алтан гадас” одон хүртэж, нутгийн чөлөөгөөр шагнагдаж байсан.
Цэргийн албыг зургаан жил хааж ирээд хөдөө, орон
нутагт ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гараад байна. Аймагтаа жолоочоор олон жил
ажилласан даа.
-Та 1944 оны цэрэг. Тэр үед цагийн байдал
хүнд байсан биз?
-Цагийн байдал хүнд байлгүй яахав. Гадны олон
орны тагнуул манай улс руу өнгөлздөг, дайрдаг байлаа. Тэдний нэгийг нь барихад гар бие оролцсон
юм. Хилийн 0132 дугаар ангийн самбарт миний зураг
гарсан байна билээ. Отряд дээрээ жил бүр Хилийн цэргийн баяр, тэмдэглэлт өдрүүдэд урилгаар очдог.
Тэнд алба хаахдаа би олон даргын нүүр үзсэн.
Ухаалаг, мундаг дарга нар байсан юм шүү.
-Эх орныхоо төлөө халуун амиа өргөж байсан олон хилчний гавъяаг өнөөдөр юутай ч
зүйрлэмгүй. 1945 оны тэр халуун дайнд оролцож байсан
түүхийн бодит гэрчтэй уулзаж байгаадаа их олзуурхаж байна. Та дайнд оролцсон тухайгаа
сонирхуулахгүй юу?
-1944 онд хилчин болоод тагнуул барьж шагнуулсан гэж дээр хэллээ шүү дээ. Үүний
дараахан буюу 1945 оны хавар Улаанбаатар хотод бага дарга нарын курст сууж бага дарга болдог юм. Тэгээд дайнд оролцож Алтан эмээл, Хайлаар, Манжуураар явж байлаа. Дараагаар нь 1946 онд
отряд дээрээ хэдэн цэрэг хариуцаад малын даргаар
ажиллаж байв. Отрядынхаа малыг зүс бүрээр нь танидаг, ялгадаг болсон. Дөрвөн жил болсон учир арга ч үгүй биз. Манай анги ер нь тагнуул хийх зориулалтаар л дайнд оролцсон доо.
-Тус дайнд манай хилчид маш их үүрэгтэй оролцсон гэдэг юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй
ярьж болох уу?
-Би яг нарийн сайн мэдэхгүй байна. Дайнд хэдийгээр оролцсон ч гэлээ би хүн буудаж алаагүй
л дээ. Оросын цэргүүдтэй ангиараа явж байгаад
л ирсэн. Дэд хурандаа Дамбаренчин тэр үед манай отрядын дарга байсан юм. Бид дайны үед ангиараа тагнуул хийж яваад л ирсэн. Манай анги
хуучин 24 дүгээр отряд байхдаа МУ-ын баатар П.Чогдонгийн удирдлаган дор ажиллаж байсан. Гэхдээ тэр мундаг баатар манай ангийг хоёр удаа
удирдаж байсан түүхтэй. Намайг цэрэгт байхад мөн манай даргаар ирж байсан юм. Миний хувьд зүүн хязгаартаа хайртай. Тэнд олон жил алба хаасандаа
их бахархаж явдаг.
-Дайн дууслаа гэдгийг та бүхэнд хэзээ
мэдэгдсэн бэ?
-1945 оны чөлөөлөх дайн дууслаа, япончууд бууж өгсөн мэдээ ирж байсан юм. Оросын цэргүүд ч нутаг буцсан, Япон ч нам болсон. Их сайхан байж билээ.
-Дайн дууссанаас хойш хилийн зөрчил хэр их байсан бэ. Та олон зөрчил илрүүлж байв уу?
-Өө, зөндөө зөндөө. Тэд гэж хэлж ярихын аргагүй. Япончууд, хятадууд хил их зөрчинө. Хил зөрчигч илэрлээ л гэдэг, буцаагаад өөрийнх нь талд өглөө л гэдэг. Зарим хил зөрчигчид нь эх нутагтаа буцахгүй гээд уйлж унжина. Зөрчил дэндүү их байсан.
-Та гадны тагнуулчийг илрүүлж шагнагдаж байсан гэлээ. Тэр тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй
юу?
-Тамсагийн заставт шөнө манаанд гарч, нэг офицертэй эргүүлээр явж байгаад морьтой хүнтэй таардаг юм. Офицер маань миний хойно явж байлаа.
Тэр үед шөнөдөө есөн морьтой хүн эргүүлд гарч, гурав нь хилийн овоон дээр харуулд гарна. Нийтдээ
12 хүн шөнийн эргүүлд гарна гэсэн үг. Тэгээд нөгөө хэдийгээ эргэх гээд явж байгаа нь тэр. Офицер маань намайг морь аваад ир гээд явуулахгүй юу. Би шинэ
цэрэг ч байлаа. Морийг нь аваад очтол цаг болоогүй байна гэлээ. Тэгэхээр нь, "үгүй ээ эрт яваад ирье” гэхэд офицер маань, "Наваанжанцан дандаа ингээд
яараад байдаг юм” гэж билээ. Тэгээд би түрүүлээд хилээр явж байтал нэг морьтой хүний зөв талаас нь очоод тулдаг юм. Гэтэл өнөөх чинь намайг
мэдэнгүүтээ цаашаа хөдөлчихлөө. Тэгж байтал араас офицер ч ирж би "энд нэг морьтой хүн байна” гэтэл "хаана байна, хоёулаа барья” гээд бид хоёр араас
нь хөөж нэг ухаа дээр гүйцэн би урд нь гарч хэвтээд, "мориноосоо буу”, "гараа өргө” гэж хоёр буудаад бариад авч байсан юм. Ийм л юм болсон.
-Гэтэл тэр зөрчигч ямар зорилготой байсан
гэнэ?
-Тэгээд бид байцааж эхлэхэд Монгол улсын хилээр гурван удаа орж ирж байгаа. Монголд тагнуул хийгээд буцах даалгавартай, олон улсын хэл мэддэг хүн байсан. Урдаас л орж ирсэн. Дорнодын отрядуудын байрлал, зургийг нь аваад Тамсагаар
хил гарах зорилготой. Буцахад цаанаас нь хүн тосох яриа хэлцээтэй байсан юм билээ. Тэгээд л ийм ноцтой хил зөрчигч барилаа гэж намайг "Алтан
гадас” одонгоор шагнасан.
-ОХУ-ын "Хүндэт хилчин” тэмдгийг хэнээс
гардаж байв?
-Тэр үед Оросын дотоод яамны зөвлөхүүд манайд
байсан. Тэд нар өгсөн л дөө.
-Таныхаар Хилийн цэрэгт алба хаах юугаараа
илүү онцлогтой байдаг юм бол оо?
-Надад Хилийн цэрэг маань л сайхан санагддаг. Өөрөө алба хаасан болоод тэр биз дээ. Тэрнээс тэр, энэ сайхан гэж алийг нь хэлж барахав. Анх цэрэгт
татагдахад хуваарилагдсан нь тэр юм. 1944 онд юм ховор байлаа. Тэгэхэд Хилийн цэргийн аль ч ангид хангалт маш сайн байсан. Цэргүүд нь тарган малын
мах иддэг. Хувцас хэрэглэлийн хангамж сайтай байсан юм шүү. Тэр үед хамт цэрэгт татагдсан нөхөр маань армийн нэг ангид очоод бидэнд ядарч, зүдэрч байна гэсэн захидал бичсэн л байдаг юм. Тэгэхэд би зүүн хязгаарт оччихоод гэр лүүгээ нэг
ч захидал бичиж үзээгүй хүн шүү дээ. Аав маань намайг цэрэгт очсон хойгуур нас барсан. Аавтайгаа ч уулзаж чадаагүй. Газар нь холдоод байсан болохоос
хоол унд, ахуй хангалт сайтай болохоор гэр лүүгээ явахсан гэж бодогддоггүй байлаа. Харин одоо арми, хил гэлтгүй аль ч цэргийн анги их сайхан болсон
гэх юм билээ. Гэхдээ надад бол Хилийн цэрэг шиг сайхан газар байхгүй.
-Ахмад хилчний зүгээс нийт хилчиддээ
хандаж юу хэлэх вэ?
-Цэргийн алба хамгийн сайхан. Одоо бол бидэн шиг олон жил биш, ганцхан жилийн хугацаатай болж. Албаа нэр төртэй хаах хэрэгтэй. Бие биенээ хүндэтгэж, дарга цэрэггүй ажлаа сайн гүйцэтгээрэй. Хамгийн гол нь "Хилчин” хэмээх нэр төрөө өндөрт өргөж яваарай.

Эх сурвалж: Эх орны манаа сонин №33
Views: 1487 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk