Main » 2014 » 01 сар » 10 » Халхын голын отряд “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа
8:03 AM
Халхын голын отряд “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны гоминдааны эсрэг тулгаралтуудад оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө баатарлагаар тэмцэж, гарамгай гавъяа байгуулан эгнээнээсээ Монгол Улсын таван баатар, олон арван эх оронч хилчдийг төрүүлсэн домогт Халхын голын отряд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Анх 1937 онд Дорнод аймгийн Гурван баян нэртэй газар байгуулагдсан Монгол Улсын хошой баатар, маршал Хорлоогийн Чойлбалсангийн нэрэмжит Хилийн 0198 дугаар анги түүхэндээ гурван дайнд үүрэг гүйцэтгэсэн цорын ганц отряд юм. 1937 оноос 1939 оны дайн дуустал П.Чогдон даргатай Сүмбэрийн застав, С.Төмөрбаатар даргатай Эрс-Уулын заставууд их, бага 70 гаруй тулгаралт, байлдаан, өдөөн хатгалагатай эрэлхэгээр тэмцэж, 1939 оны Халхын голын байлдаанд отряд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Монгол-Зөвлөлтийн анги нэгтгэлүүд Халхын голд хүрч ирэх хүртэл дайсны давшилтыг саатуулан хориглох, Халхын голыг гатлах бололцоо олгохгүй байх хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн бол 1945 оны чөлөөлөх дайнд отрядын дарга, хошууч П.Чогдон, улстөрийн орлогч хошууч С.Балжинням нар Баргын Халуун рашаан, Хайлаар, Солон хотын чиглэлд бие бүрэлдэхүүнээ удирдан байлдааны ажиллагаа явуулан Халхын голын дайнд эхлэн оролцож, олон хүнд даалгавруудыг гүйцэтгэжээ. Мөн 1948 онд баруун Алтайн нуруунд шилжин байрлаж, осман гоминдааны дээрэмчдийг баруун хил хязгаараас хөөн зайлуулах үүргийг амжилттай биелүүлж, эх орон ард түмнийхээ өмнө гарамгай гавъяа байгуулсан тул тус отрядоос Монгол Улсын баатар П.Чогдон, Н.Жамбаа, С.Төмөрбаатар, Э.Шийлэг, Д.Гуулин, эрэлхэг хилчин М.Гаасүрэн, А.Дангаасүрэн, М.Гэндэн, Э.Халтар, М.Гомбосүрэн, Б.Цэвэгжав, Я.Бадам зэрэг олон арван домогт эх оронч хилчид төрөн гарсан юм.

Тус хилийн отрядыг 1976 онд "Байлдааны гавъяаны одон”-гоор шагнаж байжээ. Харин энэ сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ой, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Халхгол сум дахь Монгол Улсын хошой баатар маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Хилийн 0198 дугаар ангийг ийнхүү "Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

Views: 861 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk