Main » 2014 » 05 сар » 27 » Сөрөх тагнуулынхан харах нүд, сонсох чих болсон гавьяатай
4:41 PM
Сөрөх тагнуулынхан харах нүд, сонсох чих болсон гавьяатай

1939 оны Халх голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралт гээд Монгол Улсын түүхэнд хэзээ ч бүдгэрэхгүй ул мөрөө үлдээсэн он жилүүдэд улс орныхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө тулалдаж явсан цэрэг эрсийн баатарлаг гавьяаг бидний хойч үе мартах учиргүй юм.

Гэхдээ нэг зүйлийг онцлоход, дайчдын харах нүд, сонсох чих болж дайсны цэрэг, зэвсгийн тоо, байрлал, цагийн нөхцөл байдал, болзошгүй аюул, эрсдэлийн талаар тагнуулын мэдээ, мэдээллээр ханган ажиллаж байсан цэргийн сөрөх тагнуулчдын гавьяа, үйл хэргийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.

Цэргийн яамны дэргэд цэргийн тагнуулын аппарат байгуулагдсан нь:
1921 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монгол Ардын Намын Төв Хороо, түр Засгийн газрын хамтарсан хурлаар Цэргийн Яамны дэргэд цэргийн тагнуулын аппаратыг байгуулж, даргаар нь Х.Чойбалсанг томилсноор энэ албаны суурь тавигджээ. Аппаратын гол гүйцэтгэх үүрэг нь гамин, цагаан цэргийн үйл ажиллагааг тагнах байв.

Харин 1922 оны долдугаар сарын 3-ны өдөр Дотоодыг Хамгаалах Газар /ДХГ/ байгуулагдснаар Цэргийн сөрөх тагнуулын үйл ажиллагаа тус газарт шилжсэн байна. 1924 оны наймдугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын 26 дугаар хурлаар ДХГ-ыг Цэргийн Зөвлөлийн харьяанаас гарган БНМАУ-ын Засгийн газрын бие даасан газар болгож, нууц, цэргийн ба хязгаарын, ерөнхий гэсэн хэлтсүүдтэй зохион байгуулжээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1925 оны гуравдугаар сарын 17-нд хуралдсан 10 дугаар хурлын тогтоолын 2 дугаар зүйлээр баталсан “ДХГ-ын үндсэн дүрэм”-ийн 2 дугаар бүлгийн 15 дугаар зүйлд: Цэргийн ба Хязгаарын хэлтсийн үүрэг, зорилтыг: “Ардын цэргийн зориг жавхлан, суртлын ба эдийн засгийн байдлыг хянаж, онц учир байвал, учир тодорхойлон Засгийн газар ба ялангуяа Бүх цэргийн зөвлөлийн газар мэдүүлж байхаас гадна цэргийн сүр хүчинд хортой болох зүйлүүдийг устган сайжруулбаас зохих саналыг гаргаж Цэргийн зөвлөлд өргөн мэдүүлж байваас зохимой” хэмээн зааж өгчээ.

Мөн оны 4 дүгээр сарын 23-нд Бүх Цэргийн Зөвлөлийн хурлаар: “ДХГ-ын Цэргийн бөгөөд Хязгаарын хэлтсийн дагаж явах дүрэм”-ийг баталж, ардын цэргийн анги хороод албаны газруудад мэдээ хураах ажлыг зохион байгуулж, дайсан этгээд шургалан орохоос сэргийлэх, урвах, нууц задруулах явдлыг таслан зогсоох, анги хороодод суулгасан тө­лөө­лөгчдийг удирдах, хил хязгаарыг хамгаалах заавар зохиох, хилийн ангиуд заавар дүрмийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хязгаарт сууж буй төлөөлөгчдийг удирдах” үүрэгтэй болгожээ.

Ингээд 1925 онд ардын цэргийн анги хороодод Цэрэг ба Хязгаарын хэлтсийн дөрвөн төлөөлөгчийг суулгаж ажил­луулсан байна. Улмаар 1927 онд Баянтүмэний Гаалийн хороо, 1928 онд Хатгал Гаалийн хороо, 1929 онд Хан Хэнтий уулын аймгийн ЗХУ, Манжууртай хил нийлсэн Үнэгт, Булган нуурын байцаан өнгөрүүлэхэд тус тус төлөөлөгч суулгажээ.

Тус төлөөлөгчдийн үүрэг нь япон, хятадын тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэхийн дээр цэргийн дотор нэвтрэхээс урьдчлан сэргийлэх, олж илрүүлэх, цэргүүдээс оргох, зэвсэг хэрэглэлийг санаатайгаар эвдэх явдлаас сэргийлэх, улсын хилээс гадагш 50-150 км газарт тагнуулын ажил зохион байгуулах байв.

Цэргийн сөрөх тагнуулын албаны үйл ажиллагааны түүхээс:
Япон Улсын зүгээс 1931 оноос Зүүн хойд Хятад, Дотоод монголыг эзэлснээр Монгол Улс Замын-Үүдээс гурван улсын хилийн уулзвар Тарваган дахын овоо хүртэл 1000 орчим км газраар Япон Улсын цэргийн хүчтэй зах нийлэх болов. Тус улсын хилээс гадагш 50 км-т орших Шилийн гол аймгийн Авга Да вангийн хошууны Дай ламын сүмд Японы тагнуулын салбар байрлан үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Иймээс Дорнодын Хоёр­дугаар морьт корпусын дэргэд Цэргийн тусгай хэлтсийг 1932 онд бай­гуулж, ДХГ-ын Дорнод аймаг дахь хэлтсийн даргын мэдэлд шилжүүлжээ. Мөн онд Тавдугаар дивизийн дэргэд 6 хүнтэй, Зур­гаадугаар дивизийн дэргэд 7, Наймдугаар дивизийн дэргэд 6, Долдугаар дивизийн дэргэд 4 хүнтэй Цэргийн сөрөх тагнуулын тусгай ангиудыг байгуулжээ.

Цэргийн сөрөх таг­нуулын хэлтсээс 1933 онд контробандын 57 удаагийн томоохон зөрчил илрүүлж, улсын орлогод ний­лүүлсэн мөнгөн илэрхийллийг тухайн үеийн хонины ханшид шилжүүлэн үзвэл 62099-77623 толгой хоньтой тэнцэж байжээ.

Мөн ЗХУ-аас хил нэвтрэн ирсэн 5933 хүн, Ховдын чиглэлээр Шиньжаанаас орж ирсэн 5030 хүн, бод 10026, бог 24322 толгой малыг буцаан гаргажээ. 1930-1934 оны хооронд өрнөсөн дүрвэх хөдөлгөөний үед Цэргийн сөрөх тагнуулын хэлтсээс орон нутгийн салбар бүрээрээ дамжуулан тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байв.

Тухайлбал: Цэргийн тусгай хэлтсээс тагнуулчдыг дүрвэгчдийн дунд ажиллуулж, ухуулах ажлыг гүйцэтгэснээр ард иргэдийг буцаан авч ирэхэд дэмжлэг болжээ.
Дорнод хязгаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, ДХЕГ-ын /Тагнуулын байгууллага/ дарга Б.Аюуш 1935 оны хоёрдугаар сард Дорнод хэлтэст таван гүй­цэтгэх ажилтныг шилжүүлэн то­милж, Улаанбаатар, Өндөрхаан, Баянтүмэний холбоог 24 цагийн ажиллагаатай болгожээ.

Дорнод аймаг дахь Цэргийн сөрөх тагнуулын хэлтсээс 1939 оны гурав, дөрөвдүгээр саруудад ангиудын байлдааны бэлэн байд­лыг шалгаж, гурван дивизийн их бууны 90 хувь нь засвартай, бүх сумны 50 хүртэлх хувь нь гол хамгаалагчгүй, агт морьдын 50 хувь нь эцэнхий гэсэн дүгнэлтийг гаргаж ДЯЯ-нд танилцуулж, Дорнод хязгаар дахь цэргийн анги, нэгтгэлүүдийн нөхцөл байдлыг засах талаар анги, нэгтгэл бүр дээр уулзалт зөвлөгөөнийг хийж байсан байна.

Цэргийн сөрөх таг­нуулын хэлтсээс Хайлаар дахь японы 23 дугаар явган дивизийн дарга тус дивиз өөрийн хүчээр Гадаад Монголын цэргийг устган сөнөөх, япон, манжийн цэргүүд 1939 оны долдугаар сард Халх голыг чиглэн давших тухай тушаалыг олзолсон нь Халх голын байлдааны бэлтгэл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр болжээ.

Дээрх мэдээллийн дагуу ДЯЯ-ны сайд Х.Чойбалсангаас 1939 оны тавдугаар сард 2328 дугаар шифрээр Дорнод аймаг дахь Тусгай хэлтсийн /Цэргийн сөрөх тагнуул/ дарга Н.Шаравт: “... Эх орноосоо урвах сэжиг бүхий цэргийн албан хаагчдыг ангийн удирдлагад нь мэдэгдэн төвд та­туулах, хорлон сүйтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, дивизийн дэргэдэх тусгай ангиуд харьяалах ангийнхаа хамт фронтод явах”-ыг даалгажээ.

Дорнод аймаг дахь Цэргийн сөрөх тагнуулын хэлтсээс: “... байлдааны ба улс төрийн турш­лагатай, захиран командлах дарга 284, улс төрийн ажилтан 117, ар тал, аж ахуйн 70, техникийн 54 хүнийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлж, тэдгээрийн оронд хугацаат албаны цэрэг, бага дарга нараас салаан даргаар 274, сумангийн даргаар 77, хороон дарга, комиссарт 3, дивизийн даргад 2 зэрэг дадлага, туршлага, мэдлэг бага хүмүүс томилсон нь үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлж байгааг тодорхойлон” илтгэжээ.

Энэхүү гаргасан дүг­нэлтэд үндэс­лэн Цэргийн сөрөх тагнуулын хэлтэстэй Дорнод аймаг дахь анги, нэгтгэлүүдийн удирдлагын харилцаа холбоог нягт­руулахын тулд 1939 оны долдугаар сарын 25-нд Цэргийн сөрөх тагнуулын тусгай группыг анги бүр дээр байгуулан ажиллажээ.

Энэхүү цэр­гийн сөрөх тагнуулын тусгай группээс хилийн чанадад тусгай групп, тагнуулчдын явуулж, амьд хэл, мэдээллүүдийг олзлуулж, цаг тухайд нь анги нэгтгэлүүдтэй хамтран ажилласнаар Халх голын дайныг ялалтанд хүргэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан түүхтэй.

Цэргийн сөрөх тагнуул нь батлан хамгаалах бие бүрэл­дэхүү­нээс эх орноосоо урвах, оргох зэр­гээс урьдчилан сэргийлж, ор­госон этгээдүүдийг илрүүлэх, аж­лыг хилийн чанадад гүйцэтгэж байв. Тухайлбал 1938 онд Дорнод аймаг дахь Тамсагийн Зургаадугаар ди­визийн суртал ухуул­гын тас­гийн дарга Б.Бямбаа­гийн оргосон тухай, түүний боловс­руул­сан ухуулах хуудсуудыг анги, нэгт­гэлүүдийн албан хаагчдад зөвөөр ойлгуулах, ухуулах ажлыг гүй­цэтгэж, Замын-Үүдийн 12 дугаар отрядын 9 дүгээр заставын цэрэг Ц.Пэрэнлайжамц, 20 дугаар отрядын цэрэг Гомбосүрэн, Үржин, Тусгай ангийн төлөөлөгч Санж­жав зэрэг эх орноосоо уравсан хүмүүсийг хилийн чанадаас ба­ривчлан авч ирэх, Монгол Улсын эсрэг явуулж буй ухуулга, сурталчилгаа, уриалгыг таслан зогсоох арга хэмжээг амжилттай гүйцэтгэжээ.

На.Батболд

ТЕГ-ын Тусгай архивын судлаач

Views: 744 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk