Main » 2018 » 08 сар » 29 » Монголын тагнуул: Баруун хязгаарын хилийн зөрчил
6:32 PM
Монголын тагнуул: Баруун хязгаарын хилийн зөрчил

Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойд зориулсан “Монгол Улсын баруун хязгаарын хамгаалалтын үр дүн, сургамж” эрдэм шинжилгээний хурлаас тагнуулын байгууллагын гүйцэтгэсэн үүргийг онцолсон тэмдэглэлээ хүргэж байна. Тус хурал зохион байгуулсан танхимын орох хэсэгт Монголын тагнуулын байгууллага 1930-1950 оныг хүртэл хийсэн гүйцэтгэх ажилтай холбоотой гэрэл зургийн цомхон үзэсгэлэн дэлгэсэн нь ийм сэдэл өгсөн юм. 

1930-аад он, Хятадын дотоодын самууныг далимдуулан Шинжааны удирдлагууд бие даан шийдвэр гаргах болсноор Монголын баруун хязгаарт түгшүүр нүүрлэсэн үе. Энэ цагаас Монголын тагнуулын байгууллага Шинжаанд ажиллагаа явуулах болжээ. Шинжаан 1942 оныг хүртэл Зөвлөлтийн чиг баримжаатай явсан. Гэвч Дэлхийн II дайн эхэлж фашистын Герман юунд ч торолгүй давшсан, бас Гоминданы цэрэг нутагт нь суурьшсан зэргээс үүдэн Шинжааны удирдлагууд улстөрийн баримжаагаа өөрчилсөн байна. Мөн 1937-1944 онд Шинжааны татвар 7-8 дахин нэмэгдсэнээс үүдэн дотоодын самуун гаарч казахууд партизаны тэмцэлд шилжсэнээр Монголын баруун хязгаарын түгшүүр өдрөөр нэмэгджээ.

Монголын тагнуулын байгууллага 1944 онд Ховд аймгийн Алаг толгой хэмээх газар Х.Чойбалсан, Оспан нарын уулзалтыг тагнуулын газраас зохион байгуулжээ. Энэ үеэс тагнуулын хэллэгээр бол Оспаныг ашиглаж эхэлсэн байна.

Ингээд Монголын Засгийн газар тагнуулын байгууллагаараа дамжуулан Шинжааны хятад бус үндэстнүүдийн эрх чөлөөний хөдөлгөөнийг өөхшүүлэх замаар Гоминданы Хятадын дотоод асуудлыг дэвэргэж хил орчмынхоо аюулыг бууруулах ажил 1943 оноос идэвхтэй явуулж эхэлсэн байна. Тухайлбал, 1944 онд манай тагнуулын байгууллага Шинжааны нутагт арав гаруй операци явуулжээ. Зорилго нь казах босогчдыг дэмжих, хүчийг нь нэмэгдүүлэх, нутгийн ардын дунд ухуулга явуулж Оспаны талд нүүлгэн ирүүлэх байсан аж. Операцийн үрээр Гоминданы цэрэгт цохигдон Монголын баруун хязгаарын орчим ирэхдээ 360 өрхийн 2 200 орчим хүнтэй явсан Оспан 45 000 хүнтэй, 3 700 гаруй өрхтэй болж хүч нь зузаарчээ. Ийн бяр орсон Оспан цааш хандаж Гоминданы Хятадтай тэмцэлдэхийн хэрээр Монголын хилээс аюул холдож байлаа.

Монголын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсан Оспан нүүдэлчин хүний прагматик зангаар 1946 оноос цол хэргэм, санхүүгийн дэмжлэг өгсөн Гоминданы Хятадын талд оржээ. Гэвч 1949 онд Шинжаанд байсан гоминданчууд Хятадын ардын чөлөөлөх армид цохигдоход наашаа ч үгүй цаашаа ч үгүй болсон Оспан дээрэм тонуул хийж явсаар 1950 онд баригдаж Өрөмчид цаазлагдсан түүхтэй.   

Шинжаанд 1930-1950 онд манай тагнуулын байгууллагаас 20 жилийн турш явуулсан гүйцэтгэх ажиллагаанд Монголын баруун нутгийн олон угсаатан үүрэг гүйцэтгэжээ. Тэдний нэг Өвшингийн Сагадай хэмээх казах эр 1933-1944 онуудад удаа дараа тусгай үүргээ амжилттэй гүйцэтгэсэн байна. Жишээ нь, 1934 онд Цагаан гол, Байтаг богд, Хар хөх сэрх гэх зэрэг газарт бугшсан казах дээрэмчдийн дунд орон толгойлогч Айкем, Сламий нарын итгэлийг олсны ачаар тэднийг цэргийн хүчээр устгах операцийн бэлтгэл ажлыг хангаж өгчээ. Мөн гучаад оны Зүүнтний бодлогоос дайжин Шинжаан руу дүрэвсэн иргэдийг ухуулан сэнхрүүлж нутаг буцаах зэрэг тусгай үүргээ нэр төртэй биелүүлсэн ажээ.  

Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа бодлогын хүрээнд хэрэгждэг учир тэрийн болгон ил харагддаггүй. Тиймийн учир баруун хязгаарын хэрэг явдалд Монголын тагнуулын байгууллага ямар чиг үүрэгтэй оролцсоныг цухас ч болов дурьдах нь зөв хэмээн бодсон билээ.  

 

Souce: newspress.mn

Views: 1025 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk