Main » 2014 » 09 сар » 8 » ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТАГТ ЯЛАЛТЫН ОЙГ ӨРГӨН ТЭМДЭГЛЭЛЭЭ
6:22 PM
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТАГТ ЯЛАЛТЫН ОЙГ ӨРГӨН ТЭМДЭГЛЭЛЭЭ

 

Халх голын дайны үед Монгол Зөвлөлтийн армийн бат бэх ар тал түшиц газар болж байсан Хэнтий аймагт болсон ёслолын ажиллагаанд УИХ Засгийн газрын гишүүд Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд ОХУ-ын Эрхүү мужийн удирдлагууд залуучууд ахмад дайчид зэрэг хүмүүс хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Тухайлбал, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, УИХ-ын гишүүн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, ОХУ-ын хоёр удаагийн баатар Монгол Вьетнам улсын баатар, Монголын анд нөхөд нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисгэгч, хурандаа генерал Виктор Васильевич Горбатко, Монгол Улсын хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч, хурандаа, шинжлэх ухааны академийн “Информатик”-ийн хүрээлэнгийн захирал, доктор профессор М.Ганзориг, ОХУ-ын иргэн, 95 настай Халх голын ахмад дайчин Николай Григорьевич Багданов, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, “Халх голын ялалт-75” сэдэвт Монгол-Оросын хамтарсан тойрон аяллын багийн ахлагч Олег Игоревич Торский нарын албаны хүмүүс, ахмад дайчид байлцсан юм.
 

 

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Пүрэвжав төв талбайд болсон хүндэтгэлийн цуглааныг нээж хэлсэн үгэндээ “...Эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн Хан Хэнтий аймгийн ард олны цуглаан 118 газар болж, 16 мянган хүн оролцож, “бид улс орноо батлан хамгаалах үйлсэд манлайлан оролцож бүхий л хүчээ дайчлан оролцоно” гэдгээ илэрхийлж байжээ. Тэр үед Өндөрхаанд суурьшиж байсан 7 дугаар дивизийг Байшинтад нүүлгэх хүнд хүчир ажилд туслалцах нь улсыг батлан хамгаалах үйл хэрэг гэж үзэн, 2977 хөсөг гаргаж, 2187 хүн биечлэн оролцсон байна. Мөн 1936 онд цэргийн газар хэрэглэх өвлийн түлшинд 1782 шоо метр түлээг хөвчөөс тээвэрлэн буулгаж байсны зэрэгцээ Хан Хэнтий аймгийн хөдөлмөрчид ардын армийн хэрэгцээнд зориулж, сайн дураараа олон арван мянган төгрөг, агт морь олныг гарган тусалж, цэргүүдийн ар гэрийнхэнд туслах ажлыг идэвхийлэн зохиож байлаа. Ардын армийн хэрэгцээнд шаардагдах 500 гэр, дайчдын хоол хүнсэнд хэрэглэх үхэр 9400, хонь 57500 толгойг наймхан хоногийн дотор бэлтгэн нийлүүлж, ноогдсон үүргээ 593 толгой малаар давуулан биелүүлж байжээ” хэмээн Хан Хэнтийчүүд, тэдний өвөг дээдэс, ахмад үеийнхэн улс орноо батлан хамгаалахад үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байсныг түүхийн баримт түшин хуваалцсан юм.

Ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, ахмад дайчид цэргийн ёслолын жагсаалын дараа ЗХУ-ын баатар М.С.Аношин, А.И.Киселев нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

 “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялж явааМонгол-Орос 150 залуу энэ сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс аяллынхаа гараагаа эхэлсэн бөгөөд Хэнтий аймгийн хүндэтгэлийн ажиллагаанд оролцсон юм. Тэд Эрхүү-Сэлэнгэ-Орхон-Дархан-Уул-Хэнтий-Дорнод-Халх гол маршрутаар нийтдээ 5500 км замыг туулан аялах юм. Тойрон аяллын багийнхан “Мөнхийн гал” галт бамбарыг Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатарт энэ үеэр гардуулан өгсөн юм.

 

Хэнтий аймагт өдгөө 1939 оны Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдаас үлдээгүй бөгөөд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон хэд хэдэн ахмад байдаг юм байна. Хүндэтгэлийн ажиллагааны үеэр ОХУ-ын иргэн, 95 настай Халх голын ахмад дайчин Николай Григорьевич Багдановтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр, “Хэнтий аймаг болон Чингис хотын нийт иргэддээ баярын мэнд дэвшүүлье. Монголын газар нутаг руу довтлох тэр үед Халх голын байлдаан эхэлсэн ч энэ дайн ялалтаар дууссан. Би 1939 онд сургуулиа дөнгөж төгссөн дэслэгч цолтой залуу Халхын голд хуваарилагдаж очиж билээ. ЗХУ-ын дайчид Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрийг өөрийн хил хязгаар шиг хамгаална гэсэн амлалтандаа хүрсэн. Халх голын орчим Японы цэргүүдтэй Монгол-Зөвлөлтийн дайчид цус асгаруулсан дайн хийсэн юм. Бидэнтэй цуг байлдаж явсан Монгол дайчдын 14 нь Монгол Улсын баатар цол хүртсэн. Монгол Улсын баатар Дандар, Олзвой, Экей, Дэмбэрэл, Жамбаа, Төмөрбаатар, Самдан, Нямтайсүрэн зэрэг хүмүүсийг хэзээ ч мартах ёсгүй. Японы арми бие бүрэлдэхүүний хувьд илүү байсан юм шүү. Ганцхан жишээ хэлэхэд, Японы зүгээс 70 мянган цэрэг, Монголоос 50 мянган цэрэг энэ дайнд оролцсон юм. Монголын нийт ард түмний халуун дулаан сэтгэлд баярлалаа” гэлээ.

Zasag.mn

 

Views: 802 | Added by: ReCcA | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Монголын ucoz сонирхогчидын цуглах цэг-Microlab.tk