Main » 2014 » 03 сар » 02
Халхын голын 1939 оны ялалтын 75 жилийн ойг энэ оны 8 дугаар сард тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. 1939 онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайнд оролцсон ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээ төлөвшүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэхээр энэ ойг тэмдэглэх юм.

Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлах бөгөөд бүх шатны Засаг дарга нар дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажил зохион байгуулна. Энэ 2 дугаар сарын байдлаар Халхын голын дайнд оролцсон 45 ахмад дайчин амьд сэрүүн байна.

Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад манай ард түмэн яаж тэмцэж ирснийг өнөө үеийнхэн ойлгох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлаа болох юм.

Ойн хүрээнд олон шатны уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж, Халхын голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, БНМАУ-ын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ойг тус тус орон нутагт нь тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан Сэлэнгэ-2014 цэргийн хээрийн сургуулийн төгсгөлийн ажиллагааг ойн баярын арга хэмжээтэй давхцуулан Дорнод аймгийн нутагт хийхээр төлөвлөж байна.

Оллоо.мн 
Ангилал: | Үзсэн: 698 | Зохиогч: | Хэн нэмсэн: ReCcA | Хэзээ: 2014-03-02 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>
Баатар Жамбаа СанBaatarJambaa.com